"Коран" судрыг шатааснаас болж Шведэд эмх замбараагүй байдал үүсээд байна
Шведийн хэт барууны үзэлтнүүд "Коран" судрыг шатаасны дараа тус улсад амьдардаг лалын шашинтнууд хэдэн зуугаараа цугларч, бослого гарган үймээн дэгдээж эхэлжээ.
Улсын өмнөд хэсэгт байдаг Мальмё хотод 300 гаруй иргэд цагдаа нар руу чулуу шидэж, машины дугуй шатаан эсэргүүцлээ илэрхийлжээ.
Өнгөрсөн баасан гарагт үндсэрхэг үзэлтнүүд Данийн хэт барууны намын дарга Мальмё хотод ирэхээсээ өмнө баривчлагдсан явдалд хариу болгон лалын шашны "Коран" судрыг шатаасан нь үүнд хүргэсэн байна.
Шведийн засгийн газраас Данийн үндсэрхэг үзэлт "Hard Line" намын тэргүүн Расмус Паладаныг Мальмё хотод очихыг нь хориглож, хил дээр баривчилснаас болж исламын эсрэг хөдөлгөөн эрчимжиж эхэлжээ. Лалын шашинд шүүмжлэлтэй ханддаг Паладан хоёр жилийн турш Шведэд нэвтрэх эрхгүй болоод байсан юм.
Баасан гарагт Палудан баривчлагдсаны дараа үндсэрхэг үзэлтнүүд жагсаал зохион байгуулж, "Коран" судрыг шатаасан байна. Жагсаалын үеэр гурван хүнийг арьстан хоорондын зөрчилд өдөөн турхирсан хэмээн баривчилжээ.
Өнгөрсөн жил Палудан гахайн маханд ороосон "Коран" судрын зургийг Фэйсбүүкдээ тавьж, "Шведээс хөөгдөж, хоёр жилийн турш очих эрхгүй боллоо. Гэтэл тэд хүчирхийлэгчид, алуурчдыг гараа дэлгэн угтаж авч байна" хэмээн бичсэн нь томоохон маргаан дагуулжээ.