Хонконгийн тэмцэгчдэд Нобелийн шагнал олгохгүй байхыг Хятадаас Норвеги улсад анхааруулав
БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И саяхан Норвеги улсад айлчлах үедээ Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгчдэд Нобелийн энх тайвны шагналыг олгохгүй байхыг Ослод сануулжээ.
Шведийн эрдэмтэн Альфред Нобелийн санаачилсан энэхүү багц шагналаас зөвхөн Энх тайвны шагналыг нь Норвеги улсаас томилогдсон зөвлөл шалгаруулалт хийж, Осло хотноо гардуулдаг уламжлалтай билээ.
Сайд Ван И нь АНУ-аас ирэх шахалт нэмэгдэж буй энэ үед бусад орноос дэмжлэг авах зорилготой Европын холбооны орнуудаар айлчлал хийж байгаа бөгөөд Норвеги улсад Хятадын гадаад хэргийн сайд айлчилсан тохиолдол сүүлийн 15 жилд байгаагүй аж.
Өмнө нь Хятадын хүний эрхийн төлөө тэмцэгч Лю Шиаобо, XIV Далай лам нар Нобелийн шагнал хүртсэнээс болж хоёр орны харилцаанд сэв суугаад байсан юм.
Хэрвээ тус шагналыг Хонконгийн тэмцэгчид хүртвэл Хятадын хариу үйлдэл юу байх талаар сонирхсон сэтгүүлчийн асуултад Ван И "Ганц л зүйл хэлнэ. Хятадын дотоод хэрэгт хутгалдахын тулд Нобелийн шагналыг ашиглах ямар ч оролдлогыг манай улс өмнө нь зөвшөөрөөгүй, одоо зөвшөөрөхгүй, цаашдаа ч зөвшөөрөхгүй" хэмээн хариулжээ.