Мөрөн дээрх толгой хэнийх вэ?
Нүүрсээ угааж экспортлоогүй нь бидний буруу бус манай түүхий нүүрсийг хямд авч шулах хятад хорон санаа гэдэг суртал дэврээсэн. Хөршийнхөө дургүйг хүргэж өдөхийн оронд нүүрсээ өөрсдөө баяжуулаад хорон санааг нь даваач. Дор дороо олз хайж шоргоолж шиг язганасан хятадуудад манай түүхий нүүрс хил давмагц бизнес бололгүй яахав.
Галт тэрэгний урт цуваагаар Таван толгойгоос нүүрсээ ачаад Зүүн баянд очно. Нүүрсээ Зүүн баянд зөөснөөр зорилго биелэхгүй. Эцсийн өгөөж-төмөр зам тавихад бус нүүрсээ худалдаж зоос олох! 807 тэрбумын шинэ төмөр замаар галт тэрэг өдөрт хэд ч сүнгэнэсэн ээрэм говьд түгжрэлгүй. Мунадаг амжилт, өнгөц харвал. Гэвч нүүрсээ Зүүн баянд Шилийн богд шиг овоолоод ч ганц доллар олохгүй. Харин тээврийн зардлаар шатна. Үүнийг л хөндөх гэв. Сайншанд өртөөнд хүргэе. Сайншандад нүүрс мөнгө бус мөн л овоолог үүсэгнэ. Урагш Эрээн, хойш Наушки гэх хоёр гарц бий. Бух зүтгүүрээр олон цуваа чингэлэг газраар чирээд түүхий нүүрсээ мөнгө болгох гээгүй нь лав. Ийм зам эхэлж тавьдаг толгой хэнийх вэ. Суурь бүтцэд 280 сая доллар булчихсан, хил давмагц түүхий нүүрс авдаг хэрэглэгчтэй, 10 жил гацсан замын урдуур дайрсан төсөл гээд бодчих.
Сайншандаас нийслэл дундуураа нүүрс манарган Наушки хүрэхэд 1000 км. Цааш нурмаг нүүрсээ савируулж Сибирийн 5000 км трассыг мялаасаар Восточный боомт хүрнэ. Нийт 6 мянган км-т асгаж хөлдөөж хатааж шороожуулж очсон нүүрсний тээврийн зардал талийна. Нүүрсээ Солонгос Японд маш өндөр үнээр зарахгүй бол нөхөшгүй алдагдалд унана. Түүхий нүүрс авахгүй гэвэл солонгос япончуудыг шанаадах уу? Самбодвол сөрөөд жүдодох шазруун гарууд. Солонгос Япон нутагтаа түүхий нүүрс оруулах хоригтой ч манай гурван Өндрийн зөвлөмжөөс сүрдээд хуулиа зөрчинө гэж тооцож, энэ төсөлд өчнөөн хөрөнгө цацсан гэх үү? Үгүй! Энэ бол тооцоогүй ажил бус Оросод тал зассан бялдуучлал. Хэдэн чингэлгээ түүхий нүүрс оруулах хатуу хоригтой зах руу (очих буцахын) 12000 км холхиулах вэ? (Буцахдаа хоосон шүү!). Холхиулсны хөлсөнд хэдэн жил хэдийг төлөх вэ? Үүнийг Монгол мэдэхгүй Орос мэднэ. Улсаа хорлогч 2-3 байхад Төр Засгийн гишүүд цөм энэ төслийг дэмжсэнд гайхаш тасрав. Энэ бол сүйрүүлэх хар санаа. Яагаад ингэв? гэвэл Таван толгойн нүүрсийг хэрэглэгч рүү нь 267 км төмөр замаар зөөвөл доллар манайх руу урсахыг хаасан орос олигархиудын нүүдэл гэхчихье.
Түүхий нүүрс оруулахгүй дэлхийн хоригийг Эрээн бас дагана. Эрээнд гацсан нүүрсээ яах вэ? Хужаа нар манай нүүрсийг зориуд нэвтрүүлсэнгүй гэж сонгуулиар пиардаж, Хятад харшилтай харанхуй сонгогчдоосоо санал уутлах сайхан далим үүсэх ч Замын Үүдэд гацсан нүүрс валют байтугай түй ч үгүй түгжигдэнэ. Зүүн баянгийн 415 км төмөр зам ойрын ирээдүйд сохор зоос ч олохгүй нь эхнээсээ андашгүй, ийм ил байхад 807 тэрбумаа цацсан “хүрэн бөөрт”-нийг хазаарлах зориг Төрд гараагүй нь шоронд орохгүй дахин нэр дэвшихээ ҮАБЗ-д барьцаалуулсан жидүчдийн балаг. “Ерөнхийлөгчийн төмөр зам” хаалтгүй бярдсаны учир ердөө энэ.
Манай түүхий нүүрсийг авдаг их газрын гүн дэх орон нутгийн чанартай гангийн үйлдвэр бол Бугат. 6000 км-тэй жишихэд өндөр уулан дээрээс харагдах газар. Таван толгойн нүүрсийг тийш нь зөөх төмөр зам 10 гаруй жил бариулаагүйг, хугацаа хожсон Орос геополитик гэж би бичдэг. Энэ геополитикийн Монгол дахь диспийчэр З.Энхболд гэх үндэслэлээ давтъя: тэр бээр төмөр зам хэрэггүй, нүүрсээ машинаар зөөвөл маш олон жолооч ажилтай болж Монголд илүү ашиг өгнө гэж 10 гаруй жил зүтгэж санасандаа хүрсэн лидер. Түүнд хариу болгож Баабар “Нүүрсээ төмпөнгөөр зөөвөл бүр олон хүн ажилтай болох юм биш үү” гэж ёжилж байв. Аварга даацын хориод мянган самосвалиар олон жил онгон говио там болгож тээсэн нүүрснээсээ олсон орлогоос шатахуун, сэлбэг, зам засварт өм цөм залгиулдаг нь “танк их буу” гэх зохиомжийн ид шид. Хамгийн эмгэнэлтэй нь осолдож үрэгдсэн 150 жолооч тэнэг онигооны гай. Энэ бүх нүгэл бурхны номоор бол Х.Баттулга, З.Энхболд хоёрт үсрэх ёстой.
Нүүрсээ угааж экспортлоогүй нь бидний буруу бус манай түүхий нүүрсийг хямд авч шулах хятад хорон санаа гэдэг суртал дэврээсэн. Хөршийнхөө дургүйг хүргэж өдөхийн оронд нүүрсээ өөрсдөө баяжуулаад хорон санааг нь даваач. Дор дороо олз хайж шоргоолж шиг язганасан хятадуудад манай түүхий нүүрс хил давмагц бизнес бололгүй яахав. Нутагтаа нүүрс баяжуулсан хятадуудыг буруутгах шалтаг манай хоёрт баймгүй. Шинхуа хамтаръя гэдэг. Манай нүүрсийг Сумитомо борлуулж өгье гэдэг. Дэмжье гэсэн хөрш өөдөө хэлээ гаргаж, багцаагаа мэдэхгүй пээдийгч хоёрт Хятад Японы тэвчээр барагдах байлгүй. Оюу толгойг хөөх эх орончдын омог галзуу ч Төр Засаг тэжээгчээ алдахаас хулчийдаг.
2012 онд барьж дуусах 267 км төмөр замыг оросууд зогсоосныг хулчгар бид эсэргүүцээгүй. Оросууд тэр үед хэрхэн дээрэлхэж байсныг унш: “Таван толгойн хамгийн амтат хэсэг болох Ухаа худгийг “Энержи Ресурс” нэртэй Монгол компанид өгчихөв... Гэтэл өнөөх “Энержи Ресурс”-ийн залуус Якунин Дерипаска нарын хамаг хөзрийн модны утга учрыг үгүй хийв. Тэд төмөр зам барих төсөлдөө хөрөнгө босгочихжээ... ОХУ-ын төмөр замаас үл хараат бие даасан төмөр замыг уурхайгаас Хятадын хил рүү татахыг яахан зөвшөөрөх билээ... Тиймээс Монголын Засгийн газар дахь чухал хүмүүст энэхүү төмөр замын бүтээн байгуулалтыг яаралтай зогсоох тушаал өгөв” гэж дорой Монголыг яасан ч дур гэдгээ өчүүхэн ч нэрэлхэлгүй зарлажээ. (Asiarussia. ru).
Эрдэс түүхий эд шингээх ходоодоор дэлхийд нэгд эрэмбэлэгдэх манайдаа далайн гарц-аварга захын хажууд коксжих нүүрсээр энгүй арвин Таван толгой орд маань азаар оршдог. 267 км төмөр замаа 8 жилийн өмнө тавьсан бол машинаар тонныг нь 34 доллараар тээвэрлэдэг нүүрсээ галт тэргээр тонныг нь 8 доллараар, тонн нь 70 доллар дөнгөж хүрдэг нүүрс маань тонн нь 150 долларт хүрэхийг эдийн засагчид сануулсаар. Энэ зурвас хугацаанд 30-40 тэрбум доллар олох азхүү буурай Монголд нүүрлэснийг хаачихсан. Хайран мөнгө. Багахан хэсгээр нь бүх айлаа орон сууцаар хангах мөнгө гэнэ. 30-40 тэрбум доллар хааж чадсан комбинаци ердөө танк их буу онигоо. Гиннест бүртгэгдэхээр үнэтэй онигоо. Монголчууд хятад их бууны суманд өртөлгүй, хятад танкинд няц дайруулалгүй мэнд үлдсэн тул төмөр замын хэрэгцээ унтралгүй шинэ гацаанууд өгдөөв: Тувагийн Арцсуурь, Хөвсгөлийн Овоот, Зүүнбаян, Восточный гэх үлгэр хайлж, бүр Ерөнхийлөгчийн засаглалтай болж нэг жолоодогчийн гарт атгуулахаар зүтгээд муу нэрт УИХ аврав.
Таван толгой ордыг 200 жил экскаваторын шанагаар халбагадаад, 200 жил самосвалиар зөөхөд олборлолт тээвэрлэлтийн зардлаа нөхөөд, цаана нь асар их цэвэр ашиг унаснаар 200 жил хүн амаа ногдол ашгаар хахаах гэнэ нөгөө диспийчэр. (“Өдрийн сонин”). 200 байтугай 100 жил хүрэхгүй нөгөө нүүрсийг маань шинжлэх ухаан үнс болгочих гээд байдаг. Тиймээс самосвал экскаватор бус цагийн зүүтэй уралдсан хурд, өндөр хүчин чадал бидэнд амин чухал. Үнэ хүрэх овор бага баяжуулсан нүүрс, ДЦС, төмөр зам мөрөөдөх нь богино хугацаанд ахиу ашиг олж, дав даруй дэд бүтэцтэй болох хэрэгцээ хөгжлөөс хоцорсон биднийг яаруулж байна. Гацаад буй төмөр замаар Таван толгойн нүүрснээс гадна зэсийн баяжмал, дорно өмнийн бүлэг ордуудын баялгийг ихээр хямд тээвэрлэж далайд гаргах боломж бүрдэх юм. Тиймээс ад үзэгдэж буй зам.
Төрөөс баримтлах төмөр замын бодлого гэж том дуугараад буй нь нүүрсний магнат-орос олигархиудын тулгалтыг нууж буй царай нь чааваас. Нэг улс нэг цариг гэх шад зохиож. Зүгээр ч нэг тарина бус бүр тангараг болтой. Энэ андгай дэлхийн стандарт буюу нарийн царгийг хориглож, танк их буунаас аварч буй нь тодорхой. Үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнол гэх айдсаар чичирч жүжиглэнэ. Өдгөө төмөр замаар бус пуужингаар эзлэх байлгүй. Цаатантай ижил хэдхэн нүүдэлчний юунд шунах вэ? Биднийг тоож довтлох улс гарахгүй. Тэгж нэрээ хорлох гүрэн үгүй болсон. Гадны хөрөнгө оруулагчид дэд бүтэц, ялангуяа төмөр замгүй гээд буцдаг.
Байдгаа сэгсэрч эхлүүлсэн Зүүн баянгийн 415 км төмөр зам чинь бүтнэ. Харин нүүрсээ өндөр үнээр борлуулж мөнгө олох чинь эхнээсээ худал байсан нь хоног хоногоор тодорно. Энэ удаа овоолог шороо бус овоолог нүүрстэй л үлдэх вий вий. Ханги Бичигт Хөөт хүртэл 600-700 км төмөр зам тавьж, дорнын бүлэг ордынхоо эрдсийг хонхойтол экспортолно гэж хаазлав. Хонхойтол экспортлох нүүрс түүхий бус баяжуулсан байх ёстой олон улсын хатуу хориг бий. Бичигт Хөөт Хангийн 600-700 км төмөр зам хэзээ ч бүтээ билээ, барих мөнгө нь хаана ч байгаа юм. Ийм мангуу залиар мэхэлж дөнгөөд буй нь масс бидний үхээнц лоймлынх. Өөр хэний ч буруу биш. Ард түмэн минь тэнэг духаа шаа. Би ч гэсэн юм ухаардаггүй маанаг духаа шаангаа энэ нийтлэлийг бичив.
Шулуулдгаа ухаардаггүй маанагууд шулаачаа магтаж мөргөсөөр хувхайрах тавилантай. Хойд хөрш бидний урдуур нүүрсээ борлуулснаар хожих юм биз. Бяцхан Монгол гацсаар бахь байдаг зүдүү хэвээр шар нар бор хоног элээх агуу Оросын хөгжилд хурд нэмнэ гэж үү? Хятадын мангас шиг хэрэглээ Орос Монголын нүүрсийг залгиад Австрал зэрэг улсаас авч буй тул үлэмж биет одойгоо дэгээдэж унагах ичгэвтэр баймаар.
Зүүн баянгийн 415 км төмөр замд баясахын хамт энэ замаар тээвэрлэсэн нүүрснээсээ цэвэр ашиг хэдийг хүртэв гэх эцсийн үр дүн Монголд наалдах хөгжил. Үүнийг л хэлэх гэж нуршив. Ийш тийш зам тавина гэж хуурталгүй юун түрүү суурь бүтцийн ихэнхийг 280 сая доллароор овоолчихсон 267 км-ыг ЭТТ-н ашиг 807 тэрбумаар түрүүлж барьснаар багсайтал мөнгө олоод дараа нь Зүүн баянгаа яримаар. Аманд эхэлж орсон шар тосыг хэлээрээ түлхсэн яльгүй шальгүй амьтас тэнгэрийн хаяанаас өнгийх аварга нударганы сүрээр оодорч бүгдийг азаргалж дөнгөсөн нь гайхалтай. Эцсийн зорилго мөнгө олж нүүрсээ угаавал гарын ая даахаар бэлжинэ. Үнэ өндөр, тээхэд хөнгөн. Шууд ашиг өгөх төмөр замын маань урдуур өд мөддөө орлого олох нь бүрхэг төмөр зам тавьж хуурсанд баясаад буй ард түмнийг яалтай. 65 суудалтай МАН мега төсөл хөдөлгөх бүү хэл эрх мэдлийн төлөө 4 жил бөгсөө ухалцан бохиртойгоо холилдож балиартсан. Баастай бурхдаа бид хүзүүн дээрээ дахин мордуулснаар гацсан том төслүүд урьдын адил хөдлөхгүй. Мөнгөгүй улс цар тахлын ширвэлтээр дефольд руу хийсэх ойртов. Бидний сонголт юм чинь хохь нь дээ. Ганц аврал Тамсагийн тос хэдэн зуун км хоолойгоор саадгүй урсаад нефть үйлдвэрт ирээсэй гэж залбирдгаа У.Хүрэлсүх Танд өчье.
6000 км тойруу, хөлддөг боомт өөд тэмүүлэгч төмөр замыг “орос баячуудын хожил” гэж ойлго уншигч минь. “Коммерсант” сонин “Москва Улаанбаатартай хэлэлцээ явуулахдаа энэ орны хамгийн баялаг орд болох нүүрсний Таван толгой, алт зэсийн Оюу толгойн лицензийг авахаар чармайсан. Өөр нэг зүйл бол Монголын засгийн газраас төмөр замын сүлжээг өргөтгөхдөө орос стандартын 1520 мм-ийн цариг бүхий зам тавих тухай шийдвэр юм. Монгол нүүрсээ Транс-Сибирийн төмөр замаар тээвэрлэнэ гэж Москва тооцож байгаа. Оросын албаны хүмүүсийн мэдэгдэж буйгаар энэ нь Таван толгойн төлөөх тэмцлийн гол аргын нэг юм” гэж бичиж байв. “Таван толгойн ордыг транс-монголын төмөр замтай холбох хэрэгтэй. Учир нь УБТЗ-ын нийт хувьцааны талыг ОХУ эзэмшдэгийн хувьд Таван толгойг ОХУ автоматаар хяналтандаа авах боломж олгож байгаа юм” гэж улайм цайм мэдэгддэг.
Зүүн баянгийн төмөр зам очергүй дайрсны учир эндээс илэрч буй биз. Энэ бол биднийг хуучин хашаанд нь түгжих том бодлогын сэжүүр. Түгжигдэх хүсэлгүй 90 оны ардчилагчдын үлдэгдлийг, гамшгийн хэмжээнд даамжирсан авилгатай тэмцэх нэрийдлээр өөнтөглөн намнаж, ардчилал, гурав дахь хөршийн бодлогыг маань арилгах санаа л удирдаад байна. Ийм нөхцөлд бид яах вэ? Юутай ч ждү тендер авилгаас, Оюу толгой Дубай Таван толгойн хорлон сүйтгэх ажиллагааг салгаж тус тусын чиглэлээр тэмцъе. Авилгачдыг авилгаар нь, хорлон сүйтгэгчдийг ардын дайснаар нь шүүе. Хоёр анги гэмт хэргийг зориуд хольж бантагнуулаад, нэгийг чанга гэсгээснээр нөгөөд ял завшуулах-замхруулах боломж олгох ёсгүй. Ждүтэй тэмцэж буйн түрүүч яав: 2,4 тэрбумыг хуссан ждүч 40 саяар торгуулаад гэмгүй царайлж буйг хар. 50 ждүчинд тус бүр 950 саяыг тараасан овгор шүү дээ тэр чинь. Түүгээр тараалгасан эзэд нь “хам”-аа энэрч буй нь тэр.
Асар их овортой нурмаг түүхий нүүрс-хар шороогоо машинаар тээвэрлэдэг дэлхийд байхгүй экспорт маань тасраад цалин тэтгэврээ тавихад хэцүүдэв. Төмөр замтайсан бол хомсдолд унаагүй гэх эрдэмтдийн авиа газар дороос мэт бүдэг. Европ тивд үлдсэн ганц дарангуйлагч А.Лукашенко оросууд газрын тосоор 600 сая долларын алдагдалд унагав гэж сүрхий гомдож харагдсан. Орос хөршөө хөгжүүлдэггүй нь ортойдог оо. Белорусь бол орос шүү дээ. Тэгэхээр Азийн сармагчин Монголыг босгохгүй нь өнгөрөгч зуунаас эхтэй байж. Дүнхүү бид өдий хүртэл анзаарсангүй. Ер нь харь орон мануусыг хөгжүүлэх үүрэггүй. Гоншигнолгүй бид бие дааж өндийх ёстой. Өөрсдөө сүйхээлэхээс өөр тавилан хорвоод үгүй. Хар элэгтэнд гомдох илүү зан агаад хууртах шившиг. Ухаан чадвараа хурцлан Азийн баруудын загвараар өндий үр хүүхэд минь. Монголыг монгол толгой жолоодсон цагт бүх юм бүтнэ.
Эх сурвалж: Нийтлэлч Доржготов