Чи өөрийнхөө муу гэдгийг мэдэх үед сэтгэлээр унадаг, итгэл тасардаг. Харин энэ үед чи…
<<Сая юу юу ч болоод өнгөрөв өө>> гэмээр олон зүйлс эргэн тойронд боллоо. Гэнэт л янз бүрийн хүмүүстэй хамтран ажиллах сонголтууд эсвэл өөр хэд хэдэн стартап-д гүйцэтгэх түвшинд ажиллах боломжууд хүлээж байв. Би бүгдээрэнгээс нь татгалзхаар шийдсэн бөгөөд өөрийнхөө бодсон нэгэн сонголтыг хийсэн юм. Тэр сонголтыг хийхэд маш сайхан мэдрэмж төрж, маш их баяр хөөртэй болсон ч хэд хоногийн дараа бага зэргийн эргэлзээ болон айдас үүссэн байв. Яагаад ийм байдалд оров? Одоо яах ёстой вэ? Хэрвээ би алдаатай сонголт хийсэн бол яах вэ? гэх мэт олон бодлууд эргэлдэж байв.
Ингээд би яг энэ цаг мөчид надад зөвлөгөө өгч чадах нэгэн хүнийг хайж олов. Долоо хоногийн өмнө уулзахаар тохироод өнөөдөр түүнтэй цаг орчим ярилцав. Амьдралдаа авч байгаагүй итгэл, эрч хүчийг олж авав. Түүний амьдралын туршлагуудыг нь чих тавин сонсов. Тэр миний сонголт зөв байсныг баталгаажуулахын зэрэгцээ миний хараагүй байсан алсын харааг ч харуулсан юм.
Тэр бол мундаг, баян бизнесмэн. Өгсөхзам номын хүндтэй зочидын нэг билээ. Түүний амьдралын туршлага зөвлөгөөнүүд зөвхөн надад биш, танд ч бас хүрээсэй гэж хүссэн болохоор үүнийг хуваалцаж байна.
Зорилгоо зөв тодорхойл
Дээшээ гарах хоёрхон арга л байдаг. Эхнийх нь өөрөө гарах. Эсвэл өөрөөсөө маш сайн, мундаг хүний туслах болох. Бидэнд үргэлж сонголт байдаг.
Энэ бүхнээс урьтаж чи зорилгоо эхлээд зөв тавих ёстой. Чиний амбиц хангалттай хүчтэй байх ёстой.
Хэрвээ чи нэг зүйлийг хийнэ гэсэн шийдвэр гаргаад зорьсон л бол ахин дахин тунгааж, би үүнийг яах гэж хийж байгаа билээ гэх зэргээр бодоод байж болдоггүй юм шүү! Чи нэгэнт л шийдвэр гаргасан бол түүнийхээ төлөө маш хурдтайгаар үр дүнг нь үзэх гээд явах ёстой. Дунд нь эргэлзвэл чиний ажил чинь дуусна, нурж унана.
Өөрийгөө тултал нь хөгжүүл
Цорын ганц зүйл байгаа. Тэр бол чи өөртөө л итгэх. Гэхдээ итгэл хэзээ тасрах вэ гэхээр чи өөрийнхөө муу гэдгийг мэдэх үед. Энэ үед сэтгэл санаагаар унана. “Яанаа, би ийм муу юм байна ш дээ” гэж өөрийгөө хэзээ ч бодож болохгүй. Гэхдээ муу мөртлөө би сайн гэж бодох нь бүр ч осолтой. Хамгийн зөв хандлага бол “Би заавал сайжрана” гэж бод. Чи өөрийгөө л өөр дотроо үнэ цэнээ нэм.
Чамд яг одоо амьдралын туршлага, ажлын туршлага нөгөө талд мэдлэгийн туршлага дутагдаж байна. Тийм болохоор өөрийгөө байнга хөгжүүл. Чи өөрийгөө л ялан дийлэхээс өөр арга байхгүй. Англи хэлээ яаралтай супер,мэргэжлийн түвшинд болго. Өөрийгөө хөгжүүлэх асар олон номнууд унш. EQ , харилцааны ур чадварууд зэргээ маш сайн хөгжүүл.
Ном унш
Хүнийг хүн болгож өгдөг, тархины хоол бол ном. Гэдэс цатгалан болохын тулд эхлээд тархиа цатгаж зөндөө ном унш. Дараа амьдрал дээр гарахад зоригтой, бат итгэлтэй болно. Бусдаас хэд дахин давсан ур чадвартай байх ёстой, тархи толгой чинь ажилладаг, ухаантай байх ёстой. Хүний ухаан, явж үзэж туулсан амьдрал болон уншсан номоор л хэмжигддэг. Би асар их ном уншдаг.
Өөртөө итгэлтэй бай
Чамаас итгэл үнэртэхгүй байгаа бол чамд хэн ч итгэхгүй, хэн ч мөнгө өгөхгүй, чиний бүтээгдэхүүнийг хэн ч авахгүй. Нүдрүү нь цоортол нь харж байгаад, итгэлтэй хэлж чаддаг байх ёстой. Өөртөө итгэ.
Өөрийнхөө сонгосон зүйлээ зөв гэж ойлго. Итгэлтэй бай. Битгий эргэлз. Битгий төөрч манараад бай. Манарч ерөөсөө болохгүй.
Бусдын юу гэх, яаж байгаа нь чамд огтхон ч хамаагүй.
Дээд зэргээр хөгжүүлэх ёстой бас нэг ур чадвар бол харилцааны урлаг. Яагаад гэвэл түүгээр дамжиж бизнес явдаг. Хүнд юм зарахад, спонсор авахад хүртэл хэрэг болно. Бизнес харилцаан дээр л тогтдог. Амьдрал маш баялаг. Дээш доош аймаар их юм болноо болно. Чи ганцхан зүйлд л найд. Өөртөө л найд.
Эх сурвалж: Medium - Zolzaya