Ангараг гараг дээрх нуур
Энэ сарын эхээр АНУ-д зохион байгуулагдсан жил болгоны том геофизикийн хурал дээр НАСА-ийн Сониучхан хѳлгийн багийнхан хэд хэдэн шуугиан тарьсан нээлтүүд зарласны нэг нь улаан нүдэн гараг дээрх эртний нуурны ул мѳрийн тухай байсан юм. Гарагийн экваторын орчимд 3.7 тэрбум жилийн тэртээ нилээн удаан хугацааны турш оршиж байсан энэ нуур нь цэнгэг устай байсан учир, судлаачид магадгүй тэнд ядаж микробын тѳвшиний амьдрал байсан байх гэж таамаглаж байна.
Сониучхан нь 2018 оны 8 сард Гейлийн тогоо гэх 150 км-ийн диаметер бүхий солирын бѳмбѳгдѳлтийн тогоо дотор газардсан билээ. 2.5 тэрбум ам. долларын ѳртѳгтэй энэ роботын гол зорилго нь энэ Гейлын тогоо доторх газар хэзээ нэгэн цагт амьдралыг тэтгэж чадах орчин байсан уу гэсэн асуултанд хариулах байсан. Тэгтэл газардаад хэдхэн сарын дотор эрт цагт усны ёроол байсан байж болохуйц хэсэг газар тогоо дотор олсон бѳгѳѳд, тэр хавь олон тэрбум жилийн ѳмнѳ амьдрал тэтгэх бүрэн боломжтой байсан гэдгийг олж тогтоосноо энэ оны 3-р сард зарлаад байсан юм.
Тэгвэл тэр үес хойш Сониучхан тэрхүү усны ёроол байсан байж болох газрыг нилээн судалж, тэнд уртаашаа 50км ѳргѳѳшѳѳ 5км орчимын хэмжээтэй жижиг нуур байсан гэж дүгнээд байна. Нуур гэх гол шалтгаан нь – зѳвхѳн тогтонги, урсгал зѳѳлѳн усны ёроолд л бий болдог маш нарийн ширхэгтэй шавар чулуун давхрагаас үүдэлтэй. Дэлхий дээр нуур ууршаад алга болсоны дараа ёроолын шавар нь хатаад яг ийм нарийн ширхэгтэй шавар чулуу болдог учир, судлаачид дэлхийнхтай ийм адилхан зүйл олсондоо жаахан гайхсан байдалтай байна.
Шавар чулуун хэсгээс ухаж аваад найрлагыг нь судалж үзхэд их хэмжээний нүүрстѳрѳгч, хүчилтѳрѳгч, устѳрѳгч, фосфор, хүхэр, азот зэрэг амьдралд нэн чухал элементүүдээр баялаг минералуудыг олноор илрүүлсэн байна. Эдгээр минералуудын шинж чанараас нь үзэхэд, тус нуур хэт суурилаг эсвэл хэт хүчиллэг, бас хэт их давстай ч биш бүр бараг хүн ууж болмоор цэвэр устай нуурын ёроолд хуримтлагддаг эрдэсүүдтэй тун адилхан болж таараад байгаа. Мѳн нуурын ирмэг орчимын газруудыг судалж байгаад энэ нуур дор хаяж хэдэн 10,000 жил, магадгүй хэдэн сая жил оршин тогтносон байж ч магадгүй гэж таамаглаж байгаа юм байна.
Хэрвээ үнэхээр энэ нуур нь цэнгэг устай байсан бол дэлхий дээр байдаг “химилитоаутотроф гэх тѳрлийн бактерүүдийг тэтгэх бүрэн боломжтой байх байсан гэнэ. Энэ хэцүү нэртэй тѳрлийн микробууд нь манай гарагийн далайн ёроолд эсвэл агуй дотор гэх мэт нарны энерги шууд очдоггүй газруудад элбэг байдаг бѳгѳѳд тэр хавийнхаа эрдэсүүдийг боловсруулж амьдралаа залгуулдаг юм байна. Ѳѳрѳѳр хэлбэл иймэрхүү эрдэс задалж энерги авдаг микробууд энэ ангарагийн нуурын ёроолын эрдэсийг задлангаа сайхан хэдэн 1,000 жил амьдраад байж байсан байх бололцоотой гэсэн үг.
Бидний мэдэж байгаагаар 3.5 тэрбум жилийн тэртээ одоохондоо сайн ойлгогдоогүй байгаа шалтгаанаас үүдээд, ангараг нь геологийн хувьд огцом идэвхитэй болсон бѳгѳѳд ѳнѳѳгийн нимгэн агаар мандалтай, хүйтэн хуурай гадрагтай тѳрхрүүгээ орж эхэлсэн гэж таамаглагддаг. НАСА-ийн Spirit болон Opportunity роботууд нь 3.5 тэрбум жилийн тэртээ урсаж байсан голын ёроол байж болох газруудыг илрүүлж судалж байсан ба тэдгээр ёроолын материал нь маш хүчиллэг уснаас гаралтай гэж дүгнэгдсэн. Тэхээр энэ саармаг pH-тэй (хэт хүчиллэг эсвэл хэт суурилаг биш) цэнгэг усны ёроолд бий болсон байж болох шавар нь 3.7 тэрбум жил буюу, тэр шилжилтийн үеэс 200 сая жилийн ѳмнѳ тэнд байсан гэхээр үнэхээр ангараг гараг нь урьд цагт амьдрал оршин тогтноход таатай нѳхцѳлтэй байсан байж мэдэх юм.
Эх сурвалж: Forbes