Ногоон орчин хүүхдийн танин мэдэхүйн чадварт сайн нөлөөтэй
Ногоон орчин, эрүүл байгальд өссөн хүүхдийн IQ, сэтгэн бодох чадвар илүү өндөр байдаг ажээ. Учир нь хүүхэд нас хүнийг амьдралынхаа туршид ямар хүн байх, төлөвшилт, чадвар, чадамжаа эзэмшихэд маш чухал байдаг юм. Энэ бүхэнд зөвхөн сайн чанарын боловсрол, сэтгэл санааны дэмжлэг, гэр бүлийн нөлөөнөөс гадна бас нэгэн илт анзаарагдахгүй нөлөө байдаг нь байгаль орчны нөлөө гэнэ.
Бельги улсын Хасселт их сургуулийн эрдэмтэд 7-оос 15 насны хөдөө, хотод болон алслагдмал дүүрэгт амьдардаг нийт 620 сурагч дээр судалгаа хийж үзжээ. Харин судалгааны дүнгээс үзэхэд тухайн сурагчдын хэр ногоон орчинд амьдарч байгаа гэдэг нь IQ оноотой нь шууд хамааралтай байсан гэнэ. Уг туршилтын талаар дэлгэрэнгүй мэдээг “PLOS Medicine” сэтгүүлээс унших боломжтой.
Судлаачид хиймэл дагуулын зураглалын тусламжтай тухайн сурагчид хэр их хэмжээний ногоон орчинд амьдарч байгааг шалгаж үзсэн бөгөөд үүнийгээ IQ болон зан байдал судлах сорилын үр дүнтэй харьцуулж үзсэн байна. Судалгааны дүнгээс үзэхэд хотод амьдардаг сурагчдаас илүү зайдуу, ногоон орчинд амьдардаг сурагчдын IQ дунджаар 2.6 хувиар өндөр байсан ажээ. Харин хотоос зайдуу болон захын дүүргийн сурагчдад онцын өөрчлөлт ажиглагдаагүй байна.
Судалгаанд оролцсон сурагчдын IQ дунджаар 105 байсан бол нийт оролцогчдын 4% нь 80 хүрэхээргүй үзүүлэлттэй байжээ. Эдгээр хүүхдүүд нь бүгд ногоон байгууламжгүй дүүрэгт өсөж торнисон хүүхдүүд байсан гэнэ. Ногоон байгууламж, зүлэг, орчинтой газарт хүүхдүүд илүү “Passive” буюу идэвхгүй төрлийн тоглоомоор тоглодог бөгөөд эдгээр нь хүүхдийн чөлөөт сэтгэлгээ, уран сэтгэмж, танин мэдэхгүй зэрэгт маш өндөр нөлөөтэй гэнэ. Мөн түүнчлэн найзуудтайгаа хамт, олуулаа тоглодгоос мэдлэг дамжуулах боломжтой дээр нь орчны дуу чимээ багатай нь төвлөрөхөд тун ашигтай байдаг гэнэ.
Уг судалгаа нь энэ чиглэлээр хийгдсэн анхны судалгаа биш бөгөөд өмнө нь хийгдэж байсан бусад судалгаануудад ч ижил үр дүн ажиглагддаг юм. Ногоон орчин, эрүүл байгальд өссөн хүүхдүүд илүү танин мэдэхүй, сэтгэлгээний чадвар өндөртэйн дээр сэтгэц, мэдрэлийн эмгэгтэй болох магадлал маш бага байдаг ажээ.
Эх сурвалж: Naked Science