Наран дээр яагаад аварга том толбо үүсдэг вэ?
Наран дээр хэдэн жилийн өмнөөс том толбо бий болж эхлээд байсан нь ѳнѳѳдрийн байдлаар том жижиг 60 гаруй толбонуудын бѳѳгнѳрѳл болсон бѳгѳѳд, зориулалтын хамгаалалт ашиглавал зүгээр энгийн нүдээр харагдах хэмжээний байна. Түүгээр үл барам ѳчигдѳрхѳн эдгээр толбонууд тэсэрч дэлхийг чиглэсэн их хэмжээний титмийн масс шидэлт хийсэн тул ойрын хэдэн ѳдѳр маш тод туйлын туяа дэлхийн хоёр туйл хэсгээр ажиглагдах юм байна.
Дэлхийн орнуудад нарны толботой холбоотой төрөл бүрийн үлгэрүүд байдаг бөгөөд тэдгээрийн ихэнх нь манай эрний өмнөх зуунуудад зохиогдсон байдаг аж. Эртний Грекийн одон орон судлаачид нарыг ямар ч гажиггүй, хамгийн тохиромжтой галт бөмбөг гэж үзэн түүн дээр харагдах толбыг ердөө бурхадын хир хэмээн тооцдог байжээ.
Харин хятадууд МЭӨ I зуунд нарны өмнө нисдэг шувуу ниссэнээс болж толбо гардаг гэх үлгэр зохиосон байдаг. Европт Шарлеманийн засаглалын үед (VIII зуун) Францын хүн ам найман өдрийн турш наран дээр асар том хар толбо олж харав. Тэр үеийн эрдэмтэд энэ бол Меркури буюу буд гараг гэж хэлсэн ч үүнд итгэх хүн тийм олон байгаагүй.
Анх 1600-аад оны эхээр дөнгөж хэрэглээнд нэвтрээд байсан телескопын тусламжтайгаар нарны толбыг нарны гадаргуу дээр байдаг гэдгийг тогтоосон юм. Олон одон орончдын ажиглалтын үр дүнгийн талаарх анхны илтгэлийг 1611 онд Германы одон орон судлаач Иохан Фабилиус эмхтгэн гаргасны үр дүнд нарны толбоны учрыг газар газрын эрдэмтэд нэг мэдэж авсан байна.
Дээрх бүлэг толбонуудыг AR1944 гэж нэрлэж байгаа, AR гэдэг нь "Active Region" буюу идэвхтэй бүс гэдгийн товчлол. Эдгээр толбонуудаас хамгийн том нь дэлхийгээс 3-4 дахин том, ѳргѳѳшѳѳ эдгээр толбонууд нь 200,000км орчим орон зайг эзэлж байгаа. Товчхондоо, нарны гадарга дээрх плазм нь гүн хэсгээс халаад дээш хѳвѳн гарч ирж байгаа мѳн гадарга дээр хѳрѳѳд буцаад доош живж байгаа буюу байнга буцалж буй ус шиг дээш доош холилдсон хѳдѳлгѳѳнд оршиж байгааг конвекц гэнэ.
Гэвч зарим доороос гарч ирж байгаа хэсгүүд нь хүчтэй соронзон оронтой байх ба, гадарга дээр гарч ирсэн үедээ ойр орчмын бусад хэсгүүдийн соронзон оронтой харилцан үйлчлэлцэж гадарга дээр хѳрсѳн чигээрээ доошоогоо эргэж живэхгүй жаахан гацах тохиолдол гарна. Нарны толбо гэдэг нь ердѳѳ нарны гадарга дээрх эргэн тойрноосоо арай “хүйтэн" хэсгийг хэлж байгаа юм.
Гэхдээ соронзон орноор тушигдан ийнхүү нарны гадарга дээр хүйтэн чигээрээ удаан тогтох хэцүү. Эдгээр толбонуудын соронзон орон нь маш их хэмжээний энерги агуулах ба, ѳѳр хэсэг плазмын соронзон оронтой харилцан үйлчлэлцсэнээс үүдэн эсвэл толбо доторх плазмын хѳдѳлгѳѳнѳѳс үүдэн “тасарч" болно. Ийнхүү соронзон орны шугам тасрахад хадгалагдаж байсан энерги нь чѳлѳѳлѳгдѳж нарны гадарга дээр дэлхий дээрх бүхий л цѳмийн бѳмбѳгнүүдийг нийлүүлээд хэд дахин үржүүлснээс ч хамаагүй их хүчтэй дэлбэрэлт явагдана. Энэ дэлбэрэлтийн хүч нь хангалттай их бол нарны гадаргын багахан хэсгийг сансарт шидэж ч чадна.
Зарим хүчтэй титмийн масс шидэлт нь дэлхийг чиглэсэн байх ба, хэдэн зуу эсвэл бүр хэдэн мянган км/цагийн хурдтай яваа цэнэгт бѳѳмүүд нь манай гаригийн соронзон оронтой харилцан үйлчлэлцэж үзэсгэлэнтэй туйлын туяаг бий болгодог. Тэгвэл энэ AR1944-ийн ѳчигдѳр болсон тэсрэлтээс үүдэлтэй бѳѳмүүд нь маргааш оройноос эхлэн манай гаригийн соронзон оронтой харилцан үйлчлэлцэж эхэлнэ.
Эх сурвалж: Forbes