Хөгжим тоглож сурах нь таныг илүү ухаалаг болгохгүй...
Саяхны нэгэн судалгаагаар хөгжим тоглож сурах нь таныг ухаалаг болгодоггүй болох нь тогтоогджээ. Учир нь хөгжим тоглож сурах нь биднийг илүү ухаалаг, бусад чадвартаа илүү дээр болгодоггүй гэнэ. Хүүхдээ илүү ухаалаг болгох гэж, төлбөртэй хөгжмийн дамжаа, сургалтад суулгадаг эцэг эхийн хувьд тийм ч таатай мэдээ биш л болов уу, гэсэн ч энэ бүхэн бас тийм ч муу зүйл биш ажээ.
Энэ бүхэн хэдий саяхны судалгаа хэдий ч өмнөх олон туршилтуудын мэдээлэл, үр дүн зэрэг маш олон талаас нь судалсан судалгааны ажил юм. Фужита Эрүүл мэндийн их сургуулийн доктор Жиованни Сала болон Лондоны Их сургуулийн доктор Фернард Гобе нар уг судалгааг хамтран гүйцэтгэжээ. Тэд уг судалгаандаа өмнө нь хөгжим тоглож сурах нь оюун ухааныг нэмэгдүүлнэ, академик амжилт гаргахад тусална гэж үзсэн судалгаануудын үр дүнг ч ашигласан байна.
Уг туршилтдаа тэд хөгжим тоглож сурах нь суралцагчдын оюун ухааны чадамж, ой тогтоолт зэрэг бусад шалгуур үзүүлэлтүүдэд хэрхэн нөлөөлж байгааг судалж үзжээ. Мөн түүнчлэн үнэлэлт өгөх, хэл ярианы чадамж болон математик чадвар нь хэр өөрчлөлт орох талаар туршиж үзжээ.
Тэд сургуульдаа ижил үнэлгээтэй, бөгөөд хөгжмийн хичээл сонгон суралцдаг болон суралцдаггүй нийт 54 оюутныг маш нарийвчлан сонгож судалсан байна. Судалгааны дараагаар нэгдсэн дүгнэлт хийж үзэх үед хөгжмийн хичээл сонгон суралцдаг оюутнуудын оюун ухаан болон академик чадвар нь суралцдаггүй оюутнуудтай ижил хэмжээнд байсан ажээ.
Энэ нь санаа зовох хэрэгтэй асуудал мөн үү? Энэ бүхэн зөвхөн таны эсвэл хүүхдэдээ ямар зорилгоор хөгжмийн хичээл авч байгаагаас л шалтгаална. Хэрэв та хөгжмийн хичээлийг шаардлагатай уран бүтээлч зан чанар, урлагийн мэдрэмж болон олон нийтийн харилцаанд хэрэгтэй гэх зэрэг шалтгааны улмаас сонгосон бол энэ үр дүн тийм ч хамаагүй болов уу. Зөвхөн илүү ухаантай болгох ганц зорилгоор хөгжмийн хичээл сонгож байгаа бол энэ бүхнээ даруй зогсоосон нь дээр болов уу.
Хэсэг хугацаанд бага насны хүүхэд болон хэвлийд байгаа урагт Моцарт эсвэл бусад сонгодог хөгжим сонсговол тэд илүү ухаантай болно гэж үздэг онол интернет болон олон л сонин сэтгүүлийн нүүрийг чимж байсан нь саяхан. Гэсэн хэдий ч “Моцартын нөлөө” гэж нэрлэдэг энэ онол маш олон удаа няцаагдаж байсан юм. Сонгодог хөгжим сонсох, хөгжим тоглож сурах нь таныг болон таны хүүхдийг илүү ухаалаг болгохгүй.
Гэхдээ өөр нэгэн маргаантай сэдэв байдаг нь зөвхөн сонгодог хөгжим сонсоод зогсохгүй, хөгжмийн зэмсгээр тоглож сурах нь хүүхдийн оюун ухааны хөгжилд сайн талтай гэж үздэг онол юм. Энэ асуулт олон жилийн турш маргаантай байсаар байгаа юм. Учир нь зарим нь үүнийг үнэн гэж баталдаг бол зарим нь ямар ч нөлөөгүй гэдгийг ч олж илрүүлдэг. Тийм ч учраас энэ бүхэнд илүү тодорхой хариулт өгөхийн тулд Сала болон Гобе нар 54 оюутныг ашигласан, мөн түүнчлэн өмнөх мэдээллийн санг ч сайтар шүүж үзсэнийг өмнө дурдсан. Харамсалтай нь хөгжмийн хичээл, дамжаанд сурдаг суралцагч академик болон бусад шалгалтад яг ижил дүн авсан байгаа нь уг онолыг няцаахад хүргэсэн юм.
Хэрэв хөгжим тоглож сурах нь биднийг ухаалаг болгодоггүй бол, энэ онолыг зөв гэж үзсэн бусад туршилт ямар учиртай вэ? Жишээлбэл өнгөрсөн жил Канадын эрдэмтдийн баг ахлах сургуулийн сурагчдын дунд туршилт хийж үзээд, хөгжмийн хичээл авдаг сурагчид математик болон шинжлэх ухааны хичээлүүдэд харьцангуй сайн дүнтэй байдаг талаар мэдээлсэн байдаг.
Сала болон Гобе нарын туршилтын үр дүнд энэ туршилтыг хамруулаагүй байна. Учир нь уг судалгааг нарийвчлан сонгосон суралцагчид дээр бус санамсаргүй байдлаар сонгосон сурагчдын үнэлгээ дээр үндэслэсэн бөгөөд энэ нь тохиолдлоор сайн сурлагатай, сайн дүнтэй сурагчид таарсан байх магадлалтай учир үүнийг харьцуулж үзээгүй байна.
Хөгжим үнэхээр бидэнд нөлөөлдөггүй гэж үү? Энэ хариулт хэрэв зөвхөн сурлагын дүнд төвлөрсөн асуулт бол хариулт нь “тийм”. Гэхдээ сургалтын гол зорилго нь зөвхөн дүн биш. Сурагчид янз бүрийн дүнтэй суралцаж, сургалтын чанар нь сайжирч, муудаж байдаг. Энэ бүхэнд зөвхөн оюун ухааны чадвараас гадна маш олон зүйл хамааралтай байдаг. Хөгжмийн хичээл бидэнд илүү өөр байдлаар сайн нөлөө үзүүлдэг байх. Жишээ нь гэрийн даалгавраа хийх, илүү шийдэмгий болох зэргээр суралцахад нөлөөлөх чадваруудыг сайжруулдаг байх талтай. Энэ нь зөвхөн шууд оюун ухааны чадвар зэрэгт нөлөөлөхгүй ч бидний зан байдал, хандлага зэрэгт сайн нөлөөтэй учир бага наснаасаа суралцсан суралцагч хойшид илүү мэрийлттэй, илүү сайтар суралцах талтай байж болох юм.
Энэ нь бидний оюун ухааныг шууд байдлаар нэмэхгүй хэдий ч, суралцаж, оюун ухаанаа хурцлахад илүү бэлтгэгдсэн хүн болгох боломжтой юм. Тийм ч учраас хөгжмийг зөвхөн ухаантай болгохыг хүссэндээ биш, илүү төлөвшсөн, илүү нийтэч, урлагийн мэдрэмжтэй болон суралцах зөв зан араншин, зөв барилтай болгохын тулд сонгоорой.
Эх сурвалж: Forbes