Сансрын хог хаягдлыг лазераар устгадаг болно
Японы мэргэжилтнүүд дэлхий орчмын тойрог замд эргэлдэж буй пуужингаас салсан угсраа хэсгийн хэлтэрхий зэрэг хог хаягдлыг лазерын тусламжтайгаар устгадаг хиймэл дагуул бүтээхээр төлөвлөж байна.
Уг хиймэл дагуулыг Японы сансар судлалын "JAXA" агентлаг “SKY Perfect JSAT” хиймэл дагуулын харилцаа холбооны оператор болон Байгалийн шинжлэх ухааны "Рикэн" хүрээлэнтэй хамтран бүтээх аж. Энэхүү хиймэл дагуул нь лазер туяагаар сансрын хогийг боловсруулж, агаар мандалд шатаах гэнэ. Ийм хиймэл дагуулыг гурван жилийн дараа тойрог замд оруулахаар төлөвлөжээ.
Япон сүүлийн жилүүдэд сансрын хог хаягдалд ихээхэн анхаарал хандуулж байгаа юм. JAXA агентлагийн мэдээлснээр, тойрог замд буй нийт хог хаягдлын 20 мянга орчим нь 10-аас дээш см-ийн хэмжээтэй, 300 мянга орчим нь 1-10 см, 135 сая нь 1 см-ээс бага хэмжээтэй хэлтэрхийнүүд ажээ. Эдгээрийн хамгийн жижиг хэлтэрхий нь ч хиймэл дагуул, сансрын хөлгийг гэмтээх чадвартай гэнэ.
Энэ жил мөн Японы Өөрийгөө хамгаалах хүчний бүрэлдэхүүнд Сансрын анги нэгтгэл байгуулсан билээ. Уг анги нэгтгэл 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тойрог замд байрлаж буй хиймэл дагуулуудын аюулгүй байдалд хяналт тавьж, сансрын хог хаягдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэнэ. Эдгээрийг хянахын тулд Японы Батлан Хамгаалах яам 2023 оноос тусгай радар ашиглахаар төлөвлөж байна.
Энэхүү радарыг Японы Хоншю арлын баруун өмнөд хэсэгт орших Ямагучи мужийн цэргийн баазуудын нэгд байрлуулах аж. Японы Батлан хамгаалах яам энэ төсөлд 4.4 тэрбум иен буюу 38 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: Forbes