Хар нүх нэгэн одыг залгиж буйг Британийн одон орончид олж харжээ
Их Британийн Белфаст хотын эрдэмтэд Израилийн Вейцманы хүрээлэн болон Данийн Хар матери судлалын төвийн ажилтнуудтай хамтран сансар огторгуйд болдог асар ховор үзэгдлийг ажиглажээ. Энэ бол хар нүх өөрт нь хэт ойртон ирсэн одыг хаман залгиж буй үзэгдэл юм.
Белфаст хотын Квинс их сургуулийн судлаачид асар хол зайд орших галактикуудын нэгэнд хэт тод гэрэл гарч байгаагийн шалтгааныг тодруулах зорилготой Европын нэгэн төслийг хэрэгжүүлэхэд оролцсон байна.
Хэт тод гэрлийн учрыг 2015 онд Америкийн одон орончид тайлбарлахдаа “мөхөж буй асар том од дэлбэрч байна” гэж байсан юм. Харин эл үзэгдлийг өнгөрсөн 10 сар гаруйн турш тасралтгүй ажигласан Белфастын эрдэмтдийн дүгнэлтээр “эргэлдэж буй асар том хар нүх тухайн одыг хэдэн хэсэг болгоод тасчин залгисан” байна.
Хар нүх гэдэг нь асар их таталцлын хүч бүхий орон зай-цаг хугацааны бүтэц учраас гэрлийн хурдаар хөдөлж буй биетүүд болон гэрэл өөрөө ч гарч чадахгүй юм. Хамгийн том хэмжээтэй хар нүхнүүдийг хэт масстай хар нүх гэж нэрлэдэг аж. Белфастын судлаачдын тооцоолсноор, тэдний илрүүлсэн хар нүхний масс нь Нарны массаас дор хаяж 100 сая дахин их гэнэ.
ASASSN-15lh гэж нэрлэгдэх хэт тод гэрлийн эх үүсвэр бол хэт залуу одны /supernova/ гэрэл мөн гэж Америкийн эрдэмтэд тодорхойлж байсан юм. Харин Белфастын их сургуулийн профессор Стивен Смарт-ын үзэж байгаагаар, энэ бол хэт залуу одных биш аж.
Хэт тод гэрэл нь олон сарын туршид түүний болон хамтран ажиллагсдынх нь сонирхлыг асар ихээр татаж байжээ. Тэд одон орны дурангийн мэдээлэлд үндэслэн дүгнэлт хийхдээ “Нартай төстэй нэгэн од хар нүхэнд хэт ойртон ирсний улмаас асар их хүчний нөлөөгөөр гурилтай хоол мэт хэлбэртэй болж, түүний массны зарим хэсэг нь гэрэл болж хувирсан” гэжээ.
Профессор Смарт-ын дүгнэлтээр, хар нүхний нягтрал нь хүмүүсийн мэддэг ямар ч материйн массаас их ажээ.
“Хэрвээ манай гараг дээр амьдарч буй бүх хүнийг шахаж базаад нэг цайны халбаганд багтах хэмжээтэй болговол энэ нь нейтронон одны нягтралтай тэнцэх болно. Харин хар нүхний нягтрал үүнээс 10 дахин их бололтой” гэж тэрбээр тайлбарлажээ.
Хар нүх хэрхэн бий болсон учрыг шинжлэх ухаан өнөөг хүртэл тайлбарлаж чадаагүй байна. Галактикууд үүсч байх тэр үед хар нүх бий болсон болов уу гэсэн таамаглал байдаг аж.
Профессор Смарт хэлэхдээ “бидэнд олдсон бүх мэдээллийг судаллаа ч гэсэн ASASSN-15lh хэмээх хэт тод гэрлийн эх үүсвэр бол сансар огторгуйн биет мөхөсний улмаас үүссэн гэрэл мөн гэдгийг 100 хувь батлах боломжгүй. Гэхдээ ийм байх магадлал хамгийн өндөр” гэлээ.
Эх сурвалж: Forbes