Ямар төрлийн хоолны дэглэм илүү үр дүнтэй вэ?
Эрүүл мэнд, гоо сайхан, биеийн галбиртаа анхаарч, хоолны дэглэм баригсдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Эдгээр нь нүүрс ус хасах, өөх тос, уураг хасах, цагаан хоолтон, мацаг гээд маш олон төрлийн хоолны дэглэм байгаа бөгөөд эдгээр хоолны дэглэм тус бүр нь хүн бүрт харилцан адилгүй нөлөөлж байгаагийн дээр зарим нь биед сөргөөр нөлөөлж, өвдөх, улам таргалах зэрэг эрсдэлийг ч дагуулж байна.
Товчоор бол тун ч ярвигтай сэдэв. Хэдэн жилийн өмнө Канзасын их сургуулийн профессор 2 сарын турш бэлэн бүтээгдэхүүний дэглэм барьж 13 орчим кг хасаж чадсан юм. Уг дэглэм нь зөвхөн бэлэн бүтээгдэхүүн буюу орео жигнэмэг, доритос чипс гэх мэт бүтээгдэхүүн хэрэглэж байсан юм. Гэсэн хэдий ч тэр өдөрт 1800-аас бага калор авч байсан юм. Гэхдээ эмч нар энэ дэглэмийг огтхон ч зөвлөдөггүй бөгөөд харин ч эсэргүүцдэг юм.
Харин сүүлийн үед нэлээд өргөнөөр ашиглагдах болсон төрлийн дэглэм нь нүүрс ус хасах тал дээр төвлөрөх болсон юм. Учир нь нүүрс ус нь биед инсулин үүсгэдгээрээ таргалах гол шалтгаан болж өгдөг. Тийм ч учраас нүүрс усны хэрэглээг багасгаж, жингээ хасах тал дээр голчлон төвлөрөх болсон.
Тэгвэл аль хоолны дэглэм нь илүү үр дүнтэй бөгөөд эрүүл болохыг олж мэдэхээр Литв улсын судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд хулгана дээр нүүрс ус хасах болон өөх, тос хасах дэглэмийн харьцуулалт хийж үзжээ. Өдөрт авах хүнс, калор, дасгал хөдөлгөөн болон хоолны орц зэргийг лабораторид маш нарийн хянаж байсан байна.
Эхлээд 18-н долоо хоногийн турш хулганыг эмх замбараагүй, их хэмжээгээр хооллож таргалах боломжоор нь таргалуулсан байна. Үүний дараагаар 6, 6 долоо хоногийн хугацаагаар нүүрс ус хасах, өөх тос хасах дэглэмүүдийг баримталж үзсэн байна. Хоолны дэглэмийн хувьд агуулагдах калор, уураг зэрэг ижил хэмжээтэй байсан бөгөөд зөвхөн нүүрс ус, өөх тосоороо л ялгарч байсан юм.
Уг хоёр хоолны дэглэмийн үр дүнд ижил хэмжээний жин хассан юм. Аль ч тохиолдолд нь хулганын жин алдах процессын үр дүнд зөвхөн биед хуримтлагдсан өөхөн давхарга хасагдаж байсан ажээ. Эдгээр хоёр дэглэмийн хувьд ялгарах онцлог тун бага ажиглагдсан гэнэ.
Эрдэмтэд уг дэглэмийн туршилтыг цаашид хүн дээр хийж үзэх сонирхолтой байгаа гэнэ. Учир нь хүний хоолны дэглэм илүү ярвигтай юм. Зөвхөн нүүрс ус болон өөх тос тусгаарлахаас гадна биднийг таргалуулж болох шалтгаанууд олон байдаг бөгөөд мөн хоол хүнсэнд хэрэглэх бичил уураг зэрэг олон шалтгаан байдаг юм.
Одоогийн байдлаар туршилтын үр дүнгээс хасахад эдгээр дэглэмийн талаар бичдэг ихэнх сөрөг нийтлэлүүд худал байх магадлалтай гэж үзэж байгаа юм. Харин та жин хасахаар хичээж байгаа бол өдөр тутмын амьдралдаа илүү зохицсон, өөртөө илүү тохиромжтой гэж бодсон хоолны дэглэмээ сонгоорой.
Эх сурвалж: Psychology Today