Билл Гэйтсийн байгуулсан "Heliogen" компани нүүрс, газрын тос, байгалийн хийг орлох цэвэр эрчим хүчийг гаргаж чаджээ
Америкийн тэрбумтан Билл Гейтсийн санхүүжүүлсэн Heliogen цэвэр эрчим хүчний компани нарны эрчим хүчний салбарт томоохон нээлт хийжээ.
Тус компани хиймэл оюун ухаан болон толины тусламжтайгаар цельсийн 1000 хэмээс дээш хэмтэй дулаан ялгаруулах төвлөрсөн нарны эрчим хүчийг гаргаж авч чадсан байна. Өөрөөр тайлбарлавал, Heliogen компани нарны эрчим хүчээр ажиллах "шарах шүүгээ" бүтээсэн нь нарны гадаргуу дээрх дулааны ¼-ийг ялгаруулах чадвартай аж. Уг төвлөрсөн нарны эрчим хүчийн ачаар цемент, ган, шил зэргийг үйлдвэрлэхэд шаардлагатай дулааныг бий болгож чадах ба энэ нь агаарт нүүрстөрөгчийн хий маш ихээр ялгаруулдаг үйлдвэрлэлийн салбарт цэвэр эрчим хүч ашиглах томоохон боломж юм.
СиЭнЭн агентлагт өгсөн ярилцлагадаа Heliogen компанийн гүйцэтгэх захирал Билл Гросс, "Бид нүүрс, газрын тос болон байгалийн хий зэргээс мэдэгдэхүйц хямд бөгөөд агаарт нүүрстөрөгчийн хий ялгаруулдаггүй технологийг нэвтрүүлж байна. Энэ бол маш том амжилт юм." гэжээ. Heliogen компанийг санхүүжүүлэгчдийн нэг Лос Анжелес Таймс сонинг эзэмшигч, тэрбумтан Патрик Сүн Шион тус технологийг нэвтрүүлснээр үйлдвэрүүдээс ялгарах хүлэмжийн хийг огцом бууруулах боломжтой болохыг онцолжээ.
Эрэлт ихтэй цементийн үйлдвэр л гэхэд дэлхий дээр ялгарч буй нүүрстөрөгчийн давхар ислийн 7 хувийг бүрдүүлдэг ба цемент үйлдвэрлэхэд шаардлагатай эрчим хүчийг нарны төвлөрсөн эрчим хүчээр орлуулсанаар агаар дахь хүлэмжийн хий огцом буурах аж. Heliogen компани нарны зай хураагуур ашиглахын оронд нарны туяаг толины ачаар тодорхой нэг цэгт төвлөрүүлж нарны эрчим хүч гаргаж авдаг ба уг технологийг зарим улс орнууд ашигласаар ирсэн билээ. Гэсэн хэдий ч өмнө нь тус технологиор цемент, ган зэргийг үйлдвэрлэхэд хангалттай дулааныг ялгаруулж байгаагүй аж.
Microsoft компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс, "Билл Гроссийн төвлөрүүлсэн нарны эрчим хүч ялгаруулах технологи бүхий компанийх нь анхны санхүүжүүлэгчдийн нэг нь болсондоо баярлаж байна. Үйлдвэрлэлийн салбар явуулахад хангалттай дулааныг ялгаруулах чадалтай технологи боловсруулсан нь нүүрс, газрын тос зэргийг нэг л өдөр орлоно." гэжээ. Төвлөрүүлсэн нарны эрчим хүч гаргадаг компаниуд тодорхой дулааныг ялгаруулахын тулд ган материал ашигладаг бол Heliogen компанийн эрдэмтэд болон инженерүүд үүнийг хиймэл оюун ухаанд даатгажээ.
Хиймэл оюун ухааны программ нь нарны тусгалыг зөвхөн нэг цэгт төвлөрүүлэхийг тулд хэдэн мянган толийг автоматаар удирддаг аж. Heliogen компанийн нарны эрчим хүчний станцын ялгаруулж буй дулаан цэвэр устөрөгч үйлдвэрлэхэд ч ашиглагдах боломжтойг үгүйсгээгүй байна. Нүүрстөрөгчийн давхар ислээс ангид устөрөгчөөр автомашин болон онгоцны түлшийг орлуулж болох ба нүүрстөрөгч ялгаруулдаггүй түлш бүтээх нь маш том дэвшил юм. Heliogen компанийн хувьд хамгийн том бэрхшээл бол үйлдвэр эрхлэгчдийг төвлөрүүлсэн нарны эрчим хүчид шилжихийг ятгах гэнэ.
Компанийн гүйцэтгэх захирал Билл Гроссийн хэлж байгаагаар Heliogen компани үйлдвэрлэл явуулж буй хүмүүстэй уулзаж ярилцсан ба удахгүй анхны үйлчлүүлэгч нараа танилцуулах гэнэ. Төвлөрүүлсэн нарны эрчим хүч нь ямар ч хүлэмжийн хий ялгаруулдаггүй, мөнгөнд хэмнэлттэй, цэвэр эрчим хүч юм. Хамгийн гол нь нүүрс, газрын тос, байгалийн хийтэй харьцуулахад нарны туяа нь ямар ч үнэгүй болох нь үйлчлүүлэгчдийг ихээр татах гэнэ. Түүнчлэн Heliogen компанийн санал болгож буй төвлөрүүлсэн нарны эрчим хүч нь хиймэл оюун ухаанд суурилсан нь бусад түлшнээс илүү эдийн засгийн хэмнэлттэй болж өгч байгаа аж.
Эх сурвалж: CNN