"Кеплер" телескоп Дэлхийтэй төстэй 100 гаруй гараг илрүүлжээ
Энэ мягмар гарагт АНУ-ын сансар судлалын агентлаг НАСА "Кеплер" одон орны дуран авайн тусламжтай хийсэн томоохон нээлтээ олон улсад зарлалаа. НАСА-гийн мэдээлснээр "Кеплер" дуран авай сансар огторгуйд Дэлхийтэй төстэй 100 гаруй гараг илрүүлсэн байна. Үүнээс гадна тус телескоп амьдрал оршин тогтож байх боломжтой бүсэд 9 гараг байгааг нээжээ.
Эдгээр нээлтийг "Кеплер" дуран авайн илрүүлсэн 1,284 шинэ гарагийн каталогийн хамтаар НАСА олон нийтэд танилцуулсан байна. Эдгээр нээлтийн тусламжтайгаар одон орны судлаачид огторгуй ертөнцөд Дэлхийтэй төстэй гараг хэр түгээмэл тохиолддогийг судлан, цаашилбал амьд бие оршин амьдрах боломжтой гараг илрүүлэхийг зорьж байгаа юм. "Кеплер" одон орны дуран авайн хийсэн судалгаан дээр үндэслэн тооцоолбол, оддын 24 орчим хувь нь Дэлхийгээс 1,6 дахин жижиг хэмжээтэй, амьдрал оршин байх боломж бүхий дагуул гарагтай байдаг юм байна.
Энэ маягаар тооцвол Тэнгэрийн заадсын оддод л гэхэд амьдрал оршин байх боломжтой 10 гаруй тэрбум гараг байгаа гэх дүгнэлтэд эрдэмтэд хүрчээ. Цаашид илүү өндөр хүчин чадалтай шинэ одон орны дуран авайн тусламжтайгаар эдгээр гарагийн агаар мандлыг судалж, амьдрал оршин байгаа шинж тэмдэг хайхаар эрдэмтэд төлөвлөж байна. Ингэснээр харь гарагийнхан үнэхээр байдаг эсэх, манай Дэлхий сансар огторгуй дахь амьдрал оршин тогтнож байгаа цор ганц гараг мөн эсэх, мөн Дэлхийгээс өөр гарагт шилжин суурьших боломж бий эсэх зэрэг олон асуултад хариулт олох боломж бүрдэх юм байна.
Эх сурвалж: Forbes