Эйнштейний харьцангуйн онол үндэстэй гэх нотолгоог илрүүлжээ
Эрдэмтэд сансар судлалд хувьсгал авчрах чухал нээлт хийсэн тухай олон улсын хэвлэл мэдээллүүдээр шуугиж байна. Тэдний мэдээлж байгаагаар олон улсын эрдэмтдийн хамтарсан баг ажиглалт хийх явцдаа хоёр хар нүх мөргөлдсөний улмаас сансар огторгуйд цаг хугацааны гажуудал үүсч байгааг илрүүлжээ.
Сансар огторгуйд нэг, нэгнээ тойрон хөдөлж байсан хоёр хар нүх таталцсаны улмаас өндөр хурдтайгаар мөргөлдөж, илүү том хар нүх болон нэгдэх үйл явцаас таталцлын долгион үүсчээ. Энэ долгионыг АНУ-ын Луизиана муж улс болон Вашингтонд байрлах аварга том лазер илрүүлэгчүүдийн тусламжтайгаар илрүүлсэн байна.
Эрдэмтдийн тайлбарлаж байгаагаар таталцлын долгионы энэ шуурга цаг хугацаа, орон зайд гажуудал үүсгэснээр сансар огторгуйд цаг хугацаа хурдсаж, удаашран, энэ өөрчлөлттэй уялдаатайгаар сансар огторгуйн хэлбэрт мөн гажуудал үүссэн байна. Манай дэлхийгээс 1.3 тэрбум гэрлийн жилийн зайд мөргөлдсөн дээрх хоёр хар нүхийн нэг нь нарнаас 29 дахин, харин нөгөө нь 36 дахин их масстай юм байна.
Энэ нээлтийг хийх гол түлхүүр болсон хоёр төхөөрөмжийг Таталцлын долгионыг ажиглах лазер интерферометр гэж нэрлэдэг. Эдгээр төхөөрөмж нэгэн зэрэг ажиллаж, 2 хар нүхийн мөргөлдөөнөөс үүдсэн таталцлын долгионы өчүүхэн бага чичирхийллийг дэлхийгээр дайран өнгөрөх үеэр нь тэмдэглэж авчээ. Эрдэмтэд энэ долгионы дохиог дуу авиа хэлбэрт хөрвүүлэн, хар нүх мөргөлдөж байгаа чимээг мөн бичиж авсан байна.
Таталцлын долгион нь цахилгаан соронзон долгионоос тэс өөр шинж чанартай учраас сансар огторгуйн талаар олон нууцыг тайлахад тус дөхөм болно гэж шинжээчид үзэж байгаа юм.
Эх сурвалж: Forbes