Хоол идэж, зурагт үзэж байхдаа ухаалаг утас ашиглах хэрэггүй
Ухаалаг утас,компьютерын хэрэглээний талаар судалгаа явуулсан япон эрдэмтэд хэтэрсэн хэрэглээ нь тархийг ядрааж, эрт зөнөх, сэтгэл гутралд оруулах нөлөөтэй гэсэн дүгнэлт хийснийг “Nikkei Style” сэтгүүлд нийтэлжээ.
Ой ухаан судлалын “Окумура” эмнэлгийн захирал Аюмт Окумурагийн ярьж байгаагаар сүүлийн жилүүдэд ой тогтоол алдагдсан гэх оноштой хүний тоо эрс нэмэгдсэн. Бүр тодруулбал, 30-60 настай хүмүүсийн дунд ой тогтоолын алдагдал хамгийн олон оношлогдсон.
Энэ байдал нь сүүлийн үед ухаалаг утас, компьютерыг хэт их ашиглах болсонтой холбоотой гэсэн дүгнэлтийг эмч нар хийжээ. Ухаалаг утас, компьютер ашиглах явцад хүний тархи хэт их хэмжээний мэдээлэл хүлээн авдаг нь хэт ачаалал үүсгэдэг. Хүний тархи ийм их мэдээлэл хүлээн авч,боловсруулж байхаар бүтээгдээгүй тул яваандаа элдэв хэрэггүй, хог мэдээллийн сав болж хувирдаг.
Хүний тархины духны хэсэгт байрлах төв нь мэдээллийг боловсруулах, цэгцлэх, шийдвэр гаргах, сэтгэл хөдлөлийг удирдах зэрэг үйлдлийг хариуцаж байдаг. Улмаар ухаалаг утас ашиглан шаардлагатайгаас олон дахин их мэдээлэл ороод ирэхээр эдгээр үйлдэл хийх чадвар нь алдагддаг. Тухайлбал, энгийн алдааны тоо нэмэгдэнэ, суралцах чадвар буурна, хүн уцаартай, бухимдуу болно, сониуч зан, өөрийгөө сэдэлжүүлэх чадваргүй болно, уймраа болдог.
Иймд эрдэмтэд компьютер дээр ажиллаж эсвэл зурагт үзэж байхдаа ухаалаг утас давхар хэрэглэж, тархиндаа хэт ачаалал өгөхгүй байхыг зөвлөсөн байна. Мөн унтах үеэр тархи амарч, сэргэж байдаг тул ахиухан унтаж амарч байхыг зөвлжээ. Түүнчлэн хоол идэж байхдаа утсаа “маажихгүй байхыг” зөвлөжээ.
Эх сурвалж: Nikkei