Хятад, Энэтхэгийн хилийн зөрчил цаашид удаан үргэлжлэхийг анхааруулав
Өнгөрсөн 6-р сараас хойш хурцадмал байдалд хүрээд буй Хятад-Энэтхэгийн хилийн маргаан дуусах болоогүйг Энэтхэгийн батлан хамгаалахын яамнаас анхааруулсан байна. Цөмийн зэвсэгтэй хоёр талын хооронд нөхцөл байдлыг намжаахын тулд хэд хэдэн хэлэлцээр хийсэн ч үр дүнд хүрэхгүй, зөрчил цаашид удаан үргэлжилнэ гэж тэд үзжээ.
Хятадын цэргүүд Кашмирын хойд хэсэг Ладак мужийн нутаг болох Галван, Халуун булаг, Пангон Цо нуурын орчмоор 5-р сарын 17,18-нд хил зөрчин орж ирсэн гэж Энэтхэгийн батлан хамгаалахын сайд мэдэгдсэн байна.
Тэрхүү зөрчлийн улмаас хоёр орны хилчдийн хооронд томоохон мөргөлдөөн болж, Энэтхэгийн 20 гаруй цэрэг алагдсан юм. Өмнө нь тогтоосон хилийн зурвасыг Энэтхэгийн цэргүүд эхэлж зөрчин, асуудал даамжрахад хүргэсэн гэж Хятадын талаас тэднийг буруутгажээ.
"Хоёр талд хоёуланд нь ашигтай зөвшилцөлд хүрэх цэргийн болоод дипломат түвшний хэлэлцээрүүд явагдаж байгаа ч асуудал шийдэгдэх хүртэл багагүй хугацаа шаардагдах төлөвтэй байна" гэж Энэтхэгийн батлан хамгаалахын сайд мэдэгдсэнийг "Ройтерс" агентлаг уламжилжээ.
Энэтхэг улс өөрийнх нь газар нутгийн 38,000 км.кв хэсгийг булаан эзэлсэн гэж хөрш Хятадыг буруутгадаг. Азийн хоёр том гүрнийг хувааж буй 3500 гаруй км хилийн зурвас одоог хүртэл албан ёсны гэж тооцогдоогүй байна.
5-р сард болсон мөргөлдөөний дараа Энэтхэгт үндэсний үзэл сэргэж, Модигийн засгийн газраас иргэдийн шаардлагыг даган Хятадын TikTok тэргүүтэй 58 аппликэйшнийг хориглосны зэрэгцээ өмнөд хөршийн компаниудын улсад нь бизнес эрхэлж, хөрөнгө оруулах боломжийг хязгаарласан юм.
Эх сурвалж: Aljazeera