Норвегийн баялгийн сан хагас жилийн дотор 21 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ
Дэлхийд хамгийн томд тооцогддог 1.2 их наяд ам.долларын хөрөнгөтэй Норвегийн баялгийн сан болох “Norges Bank Investment Management” нь зургаан сарын дотор 21 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн тухай “Bloomberg” мэдээлсэн байна. Энэ бол нийт хөрөнгийнхөө 3,4 хувийг алдсан гэсэн үг юм байна.
“Norges Bank Investment Management”-ийн эзэмшдэг нийт активуудын 70 хувь нь дэлхийн томоохон компанийн хувьцаа байдаг бөгөөд корона вирусийн цар тахлын улмаас газрын тос олборлогч компаниудын хувьцаанууд 30 гаруй хувиар, санхүүгийн компаниудынх 20 хувиар унахтай зэрэгцээд тус сангийн мэдэлд байдаг үл хөдлөх хөрөнгийн үнэ бас унасан тул ийм алдагдал хүлээсэн аж.
Цар тахлын өмнөх жил буюу 2019 онд Норвегийн баялгийн сан нь 180 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж байжээ. Норвегийн ард түмний өмч болох “Norges Bank Investment Management”-д иргэн бүр нь ойролцоогоор 190 мянган ам.доллар ногддог.
“Norges Bank Investment Management“ нь дэлхий даяар 9000 гаруй компанийн хувьцааг эзэмшдэг нь дэлхий хөрөнгийн биржүүд дээрх хувьцааны 1.5 хувь болдог юм байна. Тухайлбал, Норвегийн баялгийн сан нь “Microsoft”, “Apple”, “Amazon”, “Alphabet” зэрэг компаниудын хувьцааг эзэмшдэг.
Ойрын үед Норвегийн засгийн газраас гаргасан корона вирусийн цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөөг санхүүжүүлэхийн тулд тус сан нь 19 тэрбум ам.долларын хувьцаа, үнэт цаасыг борлуулахаар төлөвлөөд байгаа аж.
Эх сурвалж: Forbes