Хүний тархийг хиймэл оюунтай холбох боломжтой материал зохион бүтээжээ
АНУ-ын Делаверийн Их Сургуулийн эрдэмтдийн баг Америкийн Эрдэм Шинжилгээний Нийгэмлэгийн 2020 оны намрын экспо дээр нэгэн дэвшилтэт бүтээлээ танилцуулсан нь хүний тархи эсвэл биеийн хэсгийг хиймэл оюунтай хослуулах, холбох боломжтой био-нийлэг материал ажээ.
Ингэснээр цаашид бидний хагас хүн, хагас киборг болох боломж улам өргөжсөөр байна. Хүний бие, эд эсэд электроникийн биет холбох нь хуучны уламжлалт материалын боломжийн хязгаараас болоод тун ч хүндрэлтэй байсан юм.
Биед авсан шарх, сорви зэрэг нь холбогдсон электроникийн мэдээ дамжуулалтыг сааруулдаг бөгөөд булчин эсвэл тархинд мэдээ дамжуулах тун хүндрэлтэй байсан юм. Харин уг хүндрэлийг Делаверийн их сургуулийн эрдэмтэд шинээр бүтээсэн полимер материалаараа даван гарлаа.
Туршилтыг удирдан явуулсан доктор Дэвид Мартин: Бид туршилтын явцад олон удаа тархинд микро-электрод суулгах гэж үзсэн л дээ. Гэхдээ хүний тархи нь органик, амьд зүйл тиймээс энэ нь маш хүндрэлтэй байсан. Туршилт тийм ч сайн болж өгөхгүй л байсан юм, тэгээд бид үүнийг холбох илүү дээр арга бодож олох хэрэгтэй болсон. Тиймээс л бид органик гаралтай материал бүтээж үүнийгээ биологийн бус биеттэй холбогддог болгохыг зорьсон гэжээ.
Эрдэмтдийн “Pedot” гэж нэрлэж буй уг полимер нь хүний тархийг гэмтээхгүйгээр холбогдож нэмэлтээр суулгах хиймэл оюуны суулгацтай холбогдох бөгөөд эдгээрийн үйл ажиллагааг дэмжих бүрэн чадамжтай болоод байна. Мөн түүнчлэн уг материалыг мэдрэлийн систем, тархины гэмтэл зэргийг эмчлэхэд ашиглах боломжтой гэж үзэж байгаа юм.
Тэднээс гадна нэлээд олон компани болон судалгааны институт-ууд хүний тархийг компьютер болон хиймэл оюунтай холбох төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд эдгээрээс зорилгодоо хүрэхэд хамгийн дөхөм байгаагаар Элон Маскын үүсгэн байгуулсан “Neuralink” компанийг гэж тооцоолж байгаа юм.
Эх сурвалж: Independent