Хятад улс задгай сансарт цахилгаан станц байгуулна
Хятадын эрдэмтэд дэлхийн гадаргаас 36,000 км-ийн өндөрт гараг хоорондын нарны цахилгаан станцыг байгуулахаар төлөвлөж байгааг тус улсын шинжлэх ухаан, технологийн сэтгүүл мэдээлжээ.
Тус улсын Чунчины их сургуулийн судлаачид болон Шаньси муж дахь Сансрын технологийн академийн салбар судалгааны төвийн мэргэжилтнүүд мэдээлжээ. Сансарт нарны цахилгаан станц байгуулах нь эрчим хүчний бохир эх үүсвэрээс болж үүдсэн дэлхийн бохирдлыг бууруулах, хожим гарч болзошгүй эрчим хүчний хомсдолоос сэргийлэх зорилготой аж.
Мөн судлаачид агаар мандлын нөлөө байхгүй, шөнийн цагаар тасалдахгүй тул сансрын нарны станц нь цэвэр эрчим хүчний найдвартай эх үүсгүүр болно гэж тооцоолсон байна.
Хятадын баруун өмнөдийн Шинэ нээлт, судалгааны хүрээлэнгийн Чунчин дахь салбарын тэргүүн Шиэ Гэньшиний хэлснээр судлаачид тус хотын Бишань дүүрэгт хэдийн туршилтын бүс байгуулж, сансарт ажиллах цахилгаан станцын загвар зургийг боловсруулж эхэлжээ.
Тодруулбал 2021-2025 оны хооронд тус улс стратосферт жижиг хэмжээний цахилгаан станц байрлуулж, 2030 онд мегаватт чадалтай болгон өргөжүүлж, 2050 оноос өмнө гигаваттын хүчин чадалд хүргэхээр төлөвлөжээ.
Туршилтын бүс нь нийт 13.3 га талбайтай бөгөөд одоогоор уг бүсэд сансрын долгион дамжуулалт, дэлхий дээрх амьд организмд үзүүлэх бичил долгионы нөлөө зэргийг голчлон судалж байгаа аж. Энэхүү судалгааг Бишань дүүргийн орон нутгийн захиргаа 100 сая юаниар санхүүжүүлжээ.
Хоёр жилийн дараа гэхэд дээрх туршилтын бүсэд нарны эрчим хүч хураагуур бүхий сансрын бөмбөлөг хөөргөх бичил бааз байгуулна хэмээн мэргэжилтнүүд мөн тэмдэглэсэн байна. Бөмбөлөг хөөргөх, 4-6 бөмбөлгийг сансрын уудамд холбон нэгэн том “юүлүүр” үүсгэх туршилт амжилттай болбол сансар дахь БНХАУ-ын нарны эрчим хүчний анхны станц 2040 он гэхэд дэлхийн тойрог замд ажиллаж эхэлнэ гэсэн тооцоо гарчээ.
Хятадын Сансрын Технологийн Корпорацийн тооцоолсноор сансарт гаргаж авах эрчим хүч нь цаг хугацааны 99 хувийн ашиглалттай, газар дээр гаргаж авснаас 6 дахин өндөр үр дүнтэй байх гэнэ.
Сансарт гаргаж авсан цахилгаан эрчим хүчээ дэлхий рүү богино долгион, эсвэл лазерын долгионоор дамжуулах ба дэлхийд хүлээн авагч нь байрлах юм.
Гэхдээ энэ бүтээн байгуулалтад шийдэх ёстой хэд хэдэн асуудал бий.
Ийм хэмжээний станцын тоног төхөөрөмжийн жин нь ойролцоогоор 1,000 тонн болох ба сансрын уудамд тээвэрлэн хүргэхэд маш өндөр зардалтай байна.
Тиймээс робот 3 хэмжээст хэвлэгч ашиглан сансарт станцаа үйлдвэрлэх аргыг судалж байгаа гэнэ. Үүнээс гадна богино долгионоор эрчим хүчийг дэлхий рүү дамжуулахад агаар мандлын сөрөг нөлөө хэр байхыг судлах шаардлагатай байгаа ажээ.
Гэхдээ эдгээр бэрхшээлүүдийг шийдэх боломжтой гэж Хятадын мэргэжилтнүүд үзэж байгаа гэнэ.
Эх сурвлаж: BBC