Япон улс Вьетнам, Энэтхэг зэрэг орнуудад зэвсэг, байлдааны техник худалдана
Японы Засгийн газар Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дах нөлөөгөө тэлэх ажлын хүрээнд Вьетнам, Энэтхэг, Индонез, Малайз зэрэг улсууд руу батлан хамгаалахын тоног төхөөрөмж худалдах ажил хийхээр болсон тухай “Yomiuri” сонин мэдээлжээ.
Энд Японы батлан хамгаалах аж үйлдвэртэй холбоотой хувийн компаниуд голлох үүрэг гүйцэтгэхээр болжээ. Японы Батлан хамгаалах яамны дэргэдэх Материал техникийн хангамжийн агентлаг нь энэ оны есдүгээр сараас эхлэн дээр нэр гарсан улсуудын батлан хамгаалахад шаардлагатай зүйлсийн талаарх мэдээллийг цуглуулж эхлэх юм байна. Улмаар үүн дээрээ үндэслээд тэдэнд санал болгож болох эцсийн бүтээгдэхүүнээ сонгоод тэдгээрийг нийлүүлэх талаар Японы компаниудтай гэрээ байгуулах ажлыг хийх аж.
Япон улс нь Вьетнам, Энэтхэг, Индонез, Малайз зэрэг улсуудад цэргийн тээврийн онгоц, радар голлон нийлүүлнэ гэж тооцож байгаа юм байна. Түүнчлэн тохиролцоонд хүрч чадвал сөнөөгч онгоц, шумбагч завь хамтран зохион бүтээх ажил хийж болно гэжээ. Эдгээр улс орнуудад батлан хамгаалах салбарын хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж нийлүүлэх замаар Япон улс нь бүс нутаг дах оролцоогоо тэлж, үндэсний аж үйлдвэрлэлээ дэмжих юм байна.
Япон нь дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш нутаг дээрээ үйлдвэрлэсэн зэвсэг, цэрэг дайны технологийг эскпортлох хориотой байсаар ирсэн ч 2014 онд олон улсын нөхцөл байдал өөрчлөгдсөн гэдэг шалтгаанаар хоригийг цуцалж, шинэ дүрэм баталсан. Шинэ дүрэм ёсоор НҮБ-ын хориг арга хэмжээнд өртсөн, дайн тулаанд оролцож байгаа улс орнууд руу Японы зэвсэг, байлдааны технологийг дамжуулж болохгүй юм байна.
Эх сурвалж: BBC