Хиймэл оюуны тусламжтай бүдэг зургийг төгс тодруулах боломжтой болжээ
Судлаачид хиймэл оюуны тусламжтай “resolution” буюу дүрслэл муутай эсвэл албаар царайг нь бүдгэрүүлсэн зураг, бичлэгийг энгийн мэт тодруулах аргыг бодож олжээ.
Уг аргыг Дьюкийн их сургуулийн судалгааны багийнхан бодож олсон бөгөөд тэд хиймэл оюуны зураглал таних чадварын тусламжтай бүдэг царай төрхийг хэд дахин тодруулах чадвартай болсон гэнэ. Өмнө нь ямар ч төрлийн программ, төхөөрөмж сарнисан эсвэл бүдэг ийм хэмжээний нягтаршил сайтай төгс болгож чаддаггүй байсан гэдгийг төслийг удирдаж явуулсан Дьюкийн их сургуулийн судалгааны багийн ахлагч, компьютерын мэргэжилтэн Синтиа Рудин хэлсэн юм.
Одоогийн байдлаар уг хиймэл оюун нь эх зургийг шууд нягтаршил сайтай болгохгүй хэдий ч өгөгдлийг ашиглаж тухайн хүний царайг бодит мэт болгох чадвартай гэнэ. Уг аргачлалыг хамгаалалтын камертай хамтруулан ашиглахыг зорьж байгаа бөгөөд ингэснээр гудамжны камер зэрэгт өртсөн гэмт хэрэгтнүүдийн бүдэг царайг тодруулахад ашиглаж болох гэнэ.
Уг төхөөрөмжийн “PULSE” гэж нэрлэж байгаа бөгөөд “Photo Upsampling via Latent Space Exploration” гэсэн үгийн товчлол гэнэ. Уг төхөөрөмж нь бүдгэрсэн эх зургийг 64 дахин тодруулах боломжтой болоод байна.
Зургийг сайжруулах үйл явц дууссаны дараа бүдэг зургаас харах боломжгүй хөмсөг, сормуус, шүд болон үрчлээ зэрэг нарийн хэлбэрүүдийг харж болох гэнэ.
Эх сурвалж: Independent UK