Японы эдийн засаг түүхэнд байгаагүй унталтад орлоо
Дэлхийн гурав дахь том эдийн засагтай улс гэгдэх Японы эдийн засгийн байдал коронавирусын цар тахлын улмаас сүүлийн үед асар хурдтай унаж байгаа болохыг олон улсын эх сурвалжууд мэдээлж байна.
Өнгөрсөн 4 дүгээр сараас 6 дугаар сарын хооронд Японд дотоодын нийт бүтээгдэхүүн 7.8 хувийн уналттай байсан болохыг онцолсон бөгөөд жилийн дунджаар авч үзвэл энэхүү тоо нь 27.8 хувьд хүрч буй ажээ. Түүнчлэн энэ нь 1980 оноос хойш анх удаагаа ийм хэмжээний бууралттай гарч байгаа тоо хэмээн дурдсан байна.
Энэ нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш үзүүлж байгаагүй тааруу үзүүлэлт юм.
Уг хямралын гол хүчин зүйлүүдийн нэг нь Японы эдийн засгийн талаас дээш хувийг эзэлдэг дотоодын хэрэглээ огцом буурсан явдалтай холбоотой ажээ. Мөн нөгөөтээгүүр өвчлөл дэлхий нийтээр тархаж экспорт багассан явдал юм. Эдгээрээс гадна байгалийн гамшиг нөлөөлж буйг ч онцолсон бөгөөд тус улсад Хагибис зэрэг хар салхи дэгдэж олон мянган айл өрхийг орох оронгүй болгож, олон зуун барилга байшин, бүтээн байгуулалтыг усанд живүүлэн сүйтгээд байгаа юм.
Эдийн засаг агшихад коронавируст цар тахлын нөхцөл байдал шууд нөлөө үзүүлжээ. Ялангуяа аж үйлдвэрийн салбарын огцом уналт Японы эдийн засагчдын санааг зовоож байгаа юм.
Шинжээчид Японы улсын эдийн засаг цаашид ч унах төлөвтэй байгааг анхаарууллаа.
Тиймээс Засгийн газрын зүгээс компаниудыг дэмжих, аж үйлдвэрийн салбарыг дэмжих чиглэлээр яаралтай бодлогоо шинэчлэх, түүнчлэн тэтгэвэр, халамжийн бодлогоо эргэж харах шаардлагатай гэж үзэж байна.
Японы Сангийн яам долоодугаар сараас есдүгээр сарын хооронд эдийн засаг 2.6 хувиар өснө гэсэн тооцоолол гаргаад байгаа аж.
Эх сурвалж: nytimes.com