АНУ дундын зайн тусгалтай пуужингаа Азид байрлуулна
АНУ нь ойрын ирээдүйд Азид, тэр дундаа Японд дундын зайн тусгалтай пуужин байршуулах боломжийг судалж байгаа юм байна. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгчийн Зэвсэглэлийн хяналтын талаарх төлөөлөгч Маршалл Биллингсли нь Японы “Nikkei” сонинд ярилцлага өгөх үеэрээ дурдсан байна. Тэрээр дундын зайн тусгалтай Америкийн пуужингийн талаар ярихдаа “Япон гэх мэт улс орнууд ирээдүйд зэвсэглэлдээ авахыг хүсэх өөрийгөө хамгаалах зэвсгийн нэгэн төрөл энэ мөн” гэжээ. Мөн АНУ нь Хятадын шууд аюулын ба энэ аюулаас ирээдүйд хамгаалахын тулд батлан хамгаалах ямар чадвартай шаардлагатай талаар Ази дах холбоотнуудтайгаа хэлэлцээ хийхийг хүсэж байгаа гэжээ.
Түүнчлэн АНУ нь хэт авианы зэвсэглэл бүтээх ажлыг хэд хэдэн чиглэлээр зэрэг хийж байгааг онцлоод “Энэ бол манай холбоотнууд, найз, түншүүд хамгаалагдсан байх болно, Хятад цэрэг дайны сүрдүүлэг хийж чадахгүй болно гэсэн баталгаа өгөх Ази-Номхон далайн бүс нутгийг тогтворжуулах батлан хамгаалах хүчин чадал юм” гэжээ.
БНХАУ-ын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Фун Конг сэтгүүлчдэд "АНУ нь дундын зайн тусгалтай пуужингуудаа энэ бүс нутагт байршуулж эхэлвэл Хятад зүгээр хараад суухгүй бөгөөд хариу арга хэмжээ авах болно" гэж мэдэгджээ. Улмаар Өмнөд Солонгос, Япон, Австрали зэрэг улсуудад хандан газар нутаг дээрээ АНУ-ын пуужинг байршуулахгүй байхыг уриалсан байна. Байршуулвал эдгээр улсын үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцэхгүй гэдгийг анхааруулжээ.
АНУ нь Дунд ба ойрын тусгалтай пуужинг устгах гэрээнээс гарсан даруйдаа Япон газар нутаг дээр өөрийн дундын тусгалтай шинэ пуужинг байршуулах талаар Японы талтай зөвлөлдөж эхэлсэн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж байсан ч Засгийн газар нь энэ мэдээллийг албан ёсоор бататгаагүй юм. АНУ нь 2019 оны наймдугаар сарын 2-нд Дунд ба ойрын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээнээс албан ёсоор гарсан юм.
АНУ нь Дунд ба ойрын зайн пуужинг хязгаарлах гэрээнээс гарсан шалтгаан нь Хятадын дундын зайн тусгалтай пуужин гэж зарим мэргэжилтэн үзэж байгаа аж. Энэхүү гэрээ ёсоор АНУ нь хуурай газар байршилтай ойрын ба дунд тусгалын баллистик пуужин зохион бүтээх, үйлдвэрлэх хориотой байсан. Харин Хятад энэ гэрээнд анхнаасаа нэгдээгүй тул энэ чиглэлээр ихээхэн амжилт гаргасан төдийгүй цөмийн цэнэгт хошуу бүхий пуужингуудын дийлэнх нь дунд ба ойрын тусгалтай юм байна. Иймд энэ хоцрогдлыг арилгахын тулд Оросууд гэрээг зөрчсөн гэдэг шалтгаар гэрээнээс гарсан. Дараа нь дунд тусгалын пуужингаа Хятадад ойр байршуулах тухай ярих болсон. Ингэж Хятадад зэвсгийн болон эдийн засгийн дарамт үзүүлэх замаар дунд тусгалын пуужинг хориглох шинэ гэрээнд татан оролцуулахыг хичээж байгаа аж.
Эх сурвалж: BBC