Төв болон Зүүн хойд Азийн уулзвар дахь Монгол орон
Монгол Улс өөрийн нийгмийн шинжлэх ухааны судалгааны зогсонги байдлаас гарч, ардчилсан хөгжлийн замаар замнахад хуримтлуулсан туршлагыг бусад улс оронд хүртээл болгохын тулд шинжлэх ухааны үүднээс үнэлж дүгнэж үзэх цаг болсон байна.
Монголын геополитикийн байр байдлыг тодорхойлохыг оролдсон хэн боловч юмс гэдэг газрын зураг хараад бидний боддог шиг тийм ч энгийн, ойлгомжтой тодорхой байдаггүй юм байна гэдгийг даруй олж мэднэ. Улиг болтол ярьдаг Орос, Хятадын завсарт хавчуулагдан оршдог хэмээх ойлголт ч угтаа байдлыг бүрэн гүйцэд тусган харуулдаггүй нь түүхийн тэртээд богинохон аялал хийх төдийд л мэдэгдэнэ. Монголын их гүрний үед Оросын ванлигууд болон өнөөгийн Хятадын нутаг дэвсгэр дээр оршин тогтнож байсан улс гүрнүүдийг Монголчууд байлдан дагуулсан билээ. Оросууд Татарын талхигдал (татарское иго)-ын тухай эдүгээ ч ярьсаар, үнэндээ Хятадууд ч бас тэр цаг үеийг дурсах тийм их дуртай биш. Гэхдээ л хоёр хөрш нь Монголчуудын ачаар өдий дайнд хүрсэн, учир юун гэвэл хожим Орос улс үүссэн нь угтаа Монголчуудын байлдан дагууллын үр дүн байсан, өнөөгийн Хятадын нутаг дэвсгэрийг их бага ямар нэг хэмжээгээр Монголын Юань улс нэгтгэн нийлүүлж өгсөн.
Тийм болохоор албан ёсны айлчлалын үеэр ёслолын дүрэм журмын дагуу Чингис хааны хөшөө өөд шатаар өгсөж, тэр ч байтугай өмнө нь мэхийн ёслох ёстой болдог нь Орос, Хятадын улс төрчдөд цаанаа л нэг эвгүй байдаг болов уу даа. Харин монголчууд Чин гүрэнтэй холбогдож байсан 1691-1911 оны үеийг түүхийн гутамшиг гэж үздэг. (Миний монгол найз нарын дотор Бээжин дэх Манжийн хаадын орд харшид орж үзсэн хүн нэг ч байхгүй.) Монголчууд Хятадад юуны өмнө таагүй сэтгэлээр ханддаг бол Оросод таатай ч, жаахан таагүй ч хандах нь бий. Гэхдээ ямар орон Монголын хамгийн сайн түнш вэ гэсэн Сант марал сангийн асуултад монголчуудын олонх нь Орос гэж хариулсан байна. (2019 оны 3-4 дүгээр сард: Орос 85,2 хувь, Хятад 27,3, Япон 23,5 ).
Угсаатны удам зүй, түүх, соёлын хувьд Монголчууд Төв Ази, юун түрүүнд Түрэг ард түмэнтэй холбогддог. Туркийн Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоганыг 2013 оны 4 дүгээр сард Монгол Улсад айлчлах үеэр ерөнхий сайд нар ард түмнүүд нь „олон зууны өмнө нэг нутаг дэвсгэр дээр хөрш зэргэлдээ оршин тогтнож, ижил төстэй хэл, соёл, уламжлал, түүхэн холбоотой байсан“-ыг онцолсон юм.
Гэсэн ч Монгол Улс 1990 оноос хойш өөрийгөө Төв Азийн бүрэлдэхүүн бус, Зүүн хойд Азийн эдийн засгийн бүсийн нэг хэсэг хэмээн тодорхойлсон нь Япон, Солонгостой харилцах харилцаагаа ч бас харгалзан үзсэнийх байсан нь дамжиггүй.
Түүнээс гадна төдийлөн анзаарагддаггүй нэгэн цараатай асуудал байдаг нь нэгтэйгээр бүр Зөвлөлтийн үеэс монголчуудын сэтгэхүй европчлогдож эхэлсэн, нөгөөтээгүүр 1990 оноос хойш монголчуудын соёл, уламжлал хүчтэй сэргэсэн явдал.
Хантингтоны ангиллаар бол Монголыг Японтой адилхан „ганцаардмал орон“, Орос, Хятадын хил орчмын нутгийн монгол угсаатнуудад энэ завсар нөлөөгөө хүчтэй тусгах болсон үнэхээрийн биеэ даасан соёлын хүрээ гэж үзэж болохоор байгаа юм. Орчин үеийн Монголын соёлын шинэчлэгч хүч нэмэгдэж байна. Ихэнх нь буддын шашин шүтдэг монголчууд энэ завсар өөрсдийн шашныг хуучных шигээ „шарын шашин“ гэхээ больж, „Монголын буддын шашин“ гэх боллоо. „Монголын буддын шашин“ болон сүүлийн үед нэн бүтээлчээр дахин гарч ирж байгаа бөөгийн шашин хоёр хамсан зарим Гуравдагчдаас сэргийлж соёлынхоо дархлааг тогтооход санаа тавих болсон нь эргээд зарим Гуравдагчийн санааг амраах болов. Эдүгээ 19 хутагт хувилгаадтай болоод буй Монгол улс буддын шашны төв, Улаанбаатар мөргөлчдийн хот болон хөгжиж байна. Өөрийн гэсэн соёлын хүрээтэй, тун ч их Монголоороо байдаг хирнээ бас европжуу, Төв Азийн дотор, түүн рүү чиглэсэн түүх, соёлын үндэс язгуур, холбоо хэлхээ бүхий, соёлын хувьд хүчирхэг, угсаа гарлын хувьд нэгэн жигд ард түмэн болой.
Харин одоо хавчуулагдсан байрлалын асуудалдаа эргээд оръё. Монголын хуучин болон шинэ элит „нийгмийн байгууллын музей болж үлдэхгүйн тулд“ 1990 оноос ардчилал, зах зээлийн эдийн засгийн хөгжлийн замаар тууштай замнасан юм. Чөлөөт сонгууль явуулж, олон намын тогтолцоо, хувийн өмчийг хүлээн зөвшөөрч, хувьчлал хийв. Үр дүн нь ч тэгтлээ их хүлээлгэлгүй гарсан. Монгол улс ОУВС, Дэлхийн Банк, АХБ-ны тусламжийн хөтөлбөрүүдэд хамрагдлаа. Тус улс 1991 оноос ардчилсан үнэт зүйлийн нийгэмлэг дэх түншийн хувьд АНУ, Япон, Солонгос, Герман, Европын орнууд тэргүүтэн улс орнуудтай харилцаагаа хөгжүүлэв. Японы санаачилгаар 1991 онд Монголд хандивлагч орнуудын бага хурлыг үүсгэн бий болголоо. Ийнхүү Монгол улс дутагдаж гачигдахын зовлон амсахын цагтаа дэлхийн хэмжээний лоббитой болсон нь 1993 оноос эдийн засаг, нийгмийн салбарт бүтцийн өөрчлөлт хийж эхлэх боломжийг түүнд олгосон юм. 1992 онд баталсан ардчилсан үндсэн хууль „төрийн толгой“ гаднынханд уруу татагдахаас сэргийлж дархлааг нь сайжруулахын тулд парламентын тогтолцооны хүрээнд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал хамтран бүтээлч үйл ажиллагаа явуулах өргөн боломжийг олгов. Түүний дүнд Монгол улс хөршүүдийнхээ зуурсан барьцнаас салж, 1993, 1994 онд „Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнүүд“-ийг байгуулан Орос, Хятад улсуудтай харилцах харилцааныхаа олон улсын эрх зүйн шинэ үндсийг тавьсан юм.
Гэвч Монголд АНУ үзэл санаагаа сурталчлах ахул шүүмжлэлтэй авч үзэх болно гэдгээ хөршүүд нь 1995 оны үеэс хоёр талын уулзалт ярилцлагуудын үеэр анхааруулж эхэлсэн байна. Дараа нь Орос, Хятадын Ерөнхийлөгч нар 1996 оны 4 дүгээр сард „XXI зуунд хандсан стратегийн түншлэл“ байгуулахад Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах асуудал цоо шинээр тавигдах болжээ. Япон, Хятад, Солонгосоос айлчлан ирсэн төрийн зочин гийчид Монголын ашигт малтмалын төлөөх уралдааныг эхлүүлэхэд 1999 оноос энэ асуудал чанарын шинэ төвшинд гарчээ. Монгол улс геополитик, гео эдийн засгийн сүлжсэн торонд оров. Тус улс өөрийн бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг хадгалан хамгаалах шинэ арга замыг эрэлхийлэх хэрэгтэй боллоо.
Ингээд олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох зэргээр шинэ үйл ажиллагаа явуулж, геополитикийн хүрээллээсээ гарах оролдлогыг хийх болов. Хятад, Орос улсууд Монголыг эдийн засгийн хувьд өөртөө татахаар зээл олгон, Зөвлөлтийн үеийн хуучин өрийг нь хүчингүй болгох зэргээр өгөөш өгч эхлэв. Үнэ хөлс нь ШХАБ-д элсэх. Монгол улс уян хатан хандаж, 2004 онд ШХАБ-д ажиглагчаар элссэн юм. Хятад, Орос улсууд Монголтой эдийн засгийн харилцаагаа идэвхжүүлэхэд тус улстай хил залгаа мужууд, юуны өмнө жадны үзүүр болсон Өвөр Монгол, Буриадыг дайчлав. Харин монголчууд болохоор: „Өвөр монгол бол нэг өдрийн нөхөр, буриад нэг сарынх.“ хэмээн хэлэлцдэг. Бүр О. Латтиморын анхааруулан хэлж байсан эртний туршлага л даа.
Ингээд Монгол улс Орос, Хятадын нөлөөг илүүтэй тэнцвэржүүлэхийн тулд „гурав дахь хөрш“-ийн бодлогоо идэвхжүүлэв. Үндэс нь: нийтлэг үнэт зүйлс. Тэнцвэрийг хангахад дотоод бодлого ч бас дэм болж байв. 2004 оны парламентын сонгуулийн дүнд эвслийн засгийн газар байгуулагдаж, энэ үйл явц өнөөг хүртэл үргэлжилж байгаа бол 2006 онд тохиосон Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн нөлөөн дор үндэсний өөртөө итгэх итгэл үлэмж нэмэгдсэн билээ. Эдийн засгийн амжилт ч гарч эхлэв. Монгол улсын төсөв 2006 онд анх удаагаа ашигтай гарчээ. Монгол улс эдийн засгийн хувьд бүр ч их сонирхол татаж эхэллээ. Буриадууд Оросоос Улаанбаатарыг зорихдоо Сан Франциско явлаа гэх болсон ажээ. Гэхдээ эдийн засаг тийнхүү дэгжин дээшилсэн нь Хятадын эдийн засгийн нөлөө улам бүр давамгайлах болсонтой холбоотой. Хоёр талын худалдааны хэмжээ зөвхөн 2003-2006 оны хооронд л гэхэд хоёр дахин нэмэгдсэн байна. Монголд үзүүлж байсан Хятадын эдийн засгийн нөлөө үнэмлэхүй хараат байдалд оруулах аюулд дөхөж очсон тэр үеэс Хятад улс стратегийн түншлэл байгуулж Монголыг өөртөө бүрмөсөн чөдөрлөж авахыг оролдох болсон юм. Энэ явдал, тэрчлэн энэ жил Москвад болсон Орос-Хятадын дээд хэмжээний уулзалтаас ирсэн дохио санамж нь „гурав дахь хөрш“-ийн бодлогын ач холбогдол, юуны өмнө түүнийг эдийн засагжуулах асуудлыг бүр ч чухалчлахад хүргэв. Тийм ч учраас Оюу толгой төслийн ач холбогдол нь ердийн хөрөнгө оруулалтын төслийнхөөс хавьгүй их юм. Мөн НАТО-той байгуулсан түншлэл, ЕАБХАБ-д элссэн явдал нь Монголд чухал баталгаа болж байна.
Монгол Улс ийм нөхцөлд өөрийгөө байнга шинээр нээж сурчээ. Улс төрийн тоглоомоор төгс төгөлдөр биш юм аа гэхэд хангалттай сайн нааддаг болж. Гэхдээ энэ нь бас өөрийн „мөнхийн эрх ашиг“-ийг асар их хурдтай өөрчлөгдөж буй орчиндоо ахин дахин нийцүүлж, хөршүүд хийгээд газар зүй, гуравдагч хөршүүдийн ашиг сонирхлыг байнга судлан шинжилж, түүнийг улам харилцан холбоотой болж байгаа дэлхий ертөнцөд үндэснийхээ гол чухаг эрх ашгийг хэрэгжүүлж болохуйцаар өөрийнхөө эрх ашигтай уялдуулан зохицуулна гэсэн үг болно.
Монгол Улс өөрийн нийгмийн шинжлэх ухааны судалгааны зогсонги байдлаас гарч, ардчилсан хөгжлийн замаар замнахад хуримтлуулсан туршлагыг бусад улс оронд хүртээл болгохын тулд шинжлэх ухааны үүднээс үнэлж дүгнэж үзэх цаг болсон байна. Монголын ардчилсан хөгжлийн туршлагыг судалж, бодлого боловсруулах шинжээчдийн хэсэг ажиллах ахул үнэхээрийн тустай байх сан. Жишээ нь: Хойд Солонгост тайван замаар шилжилт хийдэг юм аа гэхэд коммунист намаас ардчилсан нам болох ярвигтай хөгжлийн замыг туулсан МАХН-ын туршлага ихээхэн ач холбогдолтой байж болохоор байгаа юм, юу гэвэл Хойд Солонгосын итгэлийг тэгтлээ их хүлээсэн Монгол шиг улс алга байна. Саяхан төлөөлөгчид нь Улаанбаатарт хуран чуулж дэлхийн ардчилсан хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн дэлхийн ардчилсан нийгэмлэг Монголын газар зүйн өвөрмөц байрлалыг хэзээнээс нааш хараандаа байлгаж ирсэн. Монгол Улс эдийн засгийн хувьд цэцэглэн хөгжиж буй ардчилсан орны хувьд хэдий чинээ их сонирхол татна, төдий хэмжээгээр жишээ нь АНУ болон Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчин (ISAF)-ий цэргийг Афганистанаас гаргасны дараа бүс нутгийн тогтворгүй байдал үүсэж мэдэхээр байгаа Төв Азид нөлөөгөө тусгаж чадах сан билээ. Гэхдээ эдийн засгийн бааз суурь нь харьцангуй сул дорой байгаа Монгол Улс үүнийг ямар ч тохиолдолд ганцаараа хэрэгжүүлж чадахгүй.
Барууны хамтын нөхөрлөл 1991 онд Японы санаачилсан хандивлагчдын бага хурлын тусламжтайгаар 1990-ээд онд Монгол Улсыг тэсч гарах баталгаагаар найдвартай хангаж байсан юм. Өнөөдөр Монголын хувьд дэд бүтцийн Маршалын маягийн төлөвлөгөө гаргаж ажиллах аваас цаг үеийн шаардлагад нийцэхээр байна. Тийм төлөвлөгөөний үр шимийг Монгол улс, ардчилсан ертөнцийн аль аль нь хүртэх болно. Монгол Улс „тэргүүлэгч улс“ болж ч болох юм гэж нэгэнтээ О. Латтимор хэлсэн буй. Тэр үедээ энэ нь инээд хүрмээр зөгнөл байсан. Харин өнөөдөр бодит биеллээ олох шинж төлөв мэдэгдэж байна.
Эх сурвалж: Удо Б. Баркманн (baabar.mn)