"SpaceX Starlink” хиймэл дагуулын интернетийн хурдыг шалгасан туршилтын үр дүн
Дэлхий дахинд сансрын интернет ашиглахаар санаачилсан төслүүдийг “Amazon, Boeing, OneWeb, Samsung” зэрэг олон компаниуд гаргаж, үүн дээр ажиллаж байсан. Гэсэн ч үүнд хамгийн сүүлд тун амжилттай яваа компани нь Элон Маскын үүсгэн байгуулсан “SpaceX” билээ.
“SpaceX” компани нь дэлхий дахиныг сансрын интернетээр хангах төслөө 2015 онд эхлүүлж байсан бөгөөд 2018 онд анхны туршилтын хиймэл дагуулуудаа хөөргөж байсан юм. Хоёр дахь удаад маш том хэмжээ, өргөн цар хүрээтэйгээр туршилт үйлдсэн бөгөөд энэ нь 2019 оны 5 дугаар сард 60 хиймэл дагуул хөөргөсөн юм. Тэд 2020 оны байдлаар нэг удаадаа тогтмол 60 хиймэл дагуул хөөргөх хүчин чадалтай болсон бөгөөд 2021-ээс 2022 оны хооронд багтаан интернетээр хангаж эхлэхээр зорилго тавин ажиллаж байгаа билээ.
Уг төсөл нь эхэлсэн цагаасаа өртөг өндөртэй байсан бөгөөд 2018 оны байдлаар аль хэдийн 10 тэрбум ам.доллар давсан зарцуулалттай байсан юм. Одоогийн байдлаар тэдний дэлхийн иргэдийг интернетээр хангах зориулалт бүхий хиймэл дагуулын чадамж нь зөвхөн Канад болон АНУ-ын умард мужуудыг хангахуйц байгаа юм.
Тэгвэл саяхан “SpaceX” компани уг интернетийнхээ хурдыг шалгаж үзсэн бөгөөд гарсан үр дүнг интернет веб сайтдаа байршуулсан юм. Уг интернетийн татах хурд нь (download) 35.5-аас 60.2 мегабайт секундэд татах хэлбэлзэлтэй байсан бол интернетэд байршуулах хурд нь (upload) 4.6-аас 17.7 мегабайт секунд хурдтай байсан юм. Харин интернетийн хоцрогдол (latency) нь 30-40мс байсан юм.
Хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэж буйгаар уг төсөл нь бүхэлдээ боссоны дараагаар татах хурдыг 1 гигабайт болтол нэмэгдүүлэх бөгөөд интернетийн хоцрогдол (latency) нь 35 мс-ээс бага байна гэж мэдэгдсэн юм. Уг интернетийн хэрэглээний өртөг одоохондоо зарлагдаагүй байгаа бөгөөд уг салбарын мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар сарын төлбөр нь 100 ам.доллар орчим байх болно гэж таамаглаж байгаа гэнэ.
Эх сурвалж: Naked Science Ru