Грек улс 1000 гаруй цагаачдыг албадан гаргаж, далайн дунд аваачин орхижээ
Грекийн засгийн газраас 1072 цагаачийг хийлдэг завинд суулгаж, далайн эзэмшлийн бүсээсээ гарган орхисон болохыг "New York Times" сурвалжлан мэдээлжээ.
Туркийн эргийн харуулууд, бие даасан эрэн сурвалжлах албаныхны мэдээлэл дээр үндэслэн дээрх явдлыг ил болгосон бөгөөд ийм төрлийн албадан шилжүүлэх ажиллагаа сүүлийн хэдэн саруудад 31 удаа болсон гэнэ.
Албадан буцаагдсан 50 настай Сири багш Нажма аль-Хатиб уг үйл явдлын тухай "New York Times" дэлгэрэнгүй ярьсан байна. 7-р сарын 26-ны шөнө түүнтэй нийлээд 22 хүнийг баг зүүсэн албаныхан саатуулах байрнаас нь гаргаж, завинд суулган авч явжээ. Газар дундын тэнгис дэх Грекийн эзэмшлийн усны хил дээр ирсний дараа цагаачдыг сэлүүр, моторгүй хийлдэг завин дээр суулган үлдээсэн бөгөөд хожим Туркийн эргийн харуулууд тэднийг олж аварсан байна.
Энэ оны эхээр Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хэдэн зуун мянган дүрвэгчийг Европ руу илгээнэ хэмээн сүрдүүлж байв. Турк болон Европын Холбоо хоорондын зөрчил даамжирснаас үүдсэн уг асуудалд хамгийн түрүүнд Грек өртөх тул тус улс цагаачдыг хүлээн авах бодлогоо чангаруулж, далайн хил, эрэг дагуу харуул хамгаалалтаа сайжруулжээ. Цагаачдын хувьд Туркээс Баруун Европ руу очих хамгийн дөт бөгөөд эрсдэл багатай зам нь Грекийн нутгаар дамжих юм.
Дүрвэгч, цагаачдыг далайн дунд орхих нь олон улс хоорондын гэрээний дагуу хууль бус бөгөөд Грек улс дээрх хэргийг үйлдсэн гэдгээ эрс үгүйсгэж байгаа юм.