Трамп "TikTok"-ийг зарж, 90 хоногийн дотор бүх мэдээллээ устгахыг эзэмшигчдээс нь шаардав
Өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй гар утасны аппликэйшнүүдийн нэг "TikTok"-ийг эзэмшдэг Хятадын "ByteDance" компанийг Америк дахь бизнесээ зарж, мөн 90 хоногийн дотор цуглуулсан бүх датагаа устгахыг тушаасан зарлиг гаргажээ.
Өнгөрсөн 7 хоногт Трамп ирэх 9-р сарын 15-наас эхлэн TikTok болон WeChat-ын эзэмшигчдийг АНУ-д ямар нэгэн гүйлгээ хийхийг хориглох зарлиг гаргасан бөгөөд үүндээ үндэсний аюулгүй байдлын асуудлыг холбон тайлбарласан юм.
"Microsoft" компани өмнө нь TikTok-ийн Америкт явуулдаг бизнесийг худалдаж авах сонирхолтой байгаагаа илэрхийлж байв. Ерөнхийлөгчийн хориг аппликэйшнд бус эзэмшигчдэд нь хамаатай тул ийнхүү худалдаж авснаар "TikTok"-ын хэрэглээг Америкт бүр мөсөн хориглох шаардлагагүй болох боломжтой аж.
Бээжинд төвтэй Хятадын технологийн компани ByteDance-ийн эзэмшдэг "TikTok" аппликэйшн нь АНУ-ын зах зээлд 80 сая орчим хэрэглэгчтэй. Трампын засаг захиргаа тус компанийг хэрэглэгчийн мэдээллийг Хятадын тагнуулын албатай хуваалцдаг нь үндэсний аюулгүй байдалд харшилж байна гэж үзсэн тул хориглох тухай асуудал сөхөгдсөн юм.