Оахака мужийн санаачилгыг бусад мужууд ч дагана гэв
Наймдугаар сарын 5-ны өдөр Мексик улсын Оахака мужаас нэгэн шинэ хууль баталсан нь насанд хүрээгүй хүүхдэд бэлэн бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа зэргийг зарахыг хориглож, зөрчсөн этгээдэд маш хүнд хариуцлага хүлээлгэхээ мэдэгдсэн. Үүний дараагаар Мексик улсын өөр бусад 10 муж уг хандлагыг дэмжинэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Уг хууль нь 18 нас хүрээгүй хүүхдэд эрүүл бус, лаазалсан, савласан бэлэн бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундааг худалдсан тохиолдолд торгож, бүр шоронд хорих хүртэл арга хэмжээ авах юм. Уг хууль нь согтууруулах ундаа болон тамхитай ижил ангилалд багтаж эхэлсэн юм.
Оахака хот хуулийн баталсан өдрийн маргааш буюу 6-ны өдөр Табаско мужийн захирагч Адан Аугусто Лопез ч гэсэн ижил арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн юм. Тэрээр: Бид эргээд уламжлалт хоол хүнснүүдээ идэж эхлэх хэрэгтэй. Үүний тулд хүүхдүүдэд энэ арга хэмжээг авна. Тэгж байж бага наснаасаа суралцаж цаашид нийгмээрээ өөрчлөгдөнө гэв.
Харин Колима мужид Морена намын гишүүд конгресст насанд хүрээгүй хүүхдэд өөх тос, сод, чихэр зэргийг агуулсан бэлэн бүтээгдэхүүн зарахаас гадна ийм төрлийн барааг сурталчлахыг хориглосон хуулийн төсөл өргөн бариад байгаа ажээ.
Мексик улс бага насны хүүхдийн таргалалтын тоогоор дэлхийд нэгдүгээр бичигддэг бөгөөд үүндээ анхаарч даруй арга хэмжээ авч, ажиллаж байгаа нь энэ юм. Тийм ч учраас маш олон улс төрийн хүчнүүд энэ саналд нэгдэж байна.
Мексикийн Эрүүл Мэндийн яамнаас гаргасан мэдэгдэлд эмнэлэг болон эмчилгээнд хөрөнгө оруулах нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаас илүү хохиролтойг сануулаад иргэддээ ч гэсэн уг анхааруулгыг өгсөн байна. Учир нь өвдсөн хойно нь эмчлэх нь цаг хугацаа, бие эрхтэн болон эд хөрөнгийн зардал өндөртэй, харин үүнээс урьдчилан сэргийлэхэд ямар ч үнэгүй гэдгийг ойлгох хэрэгтэй гэсэн юм.
Мөн түүнчлэн уг хуулийн төслүүд нь голчлон худалдааны байгууллагуудад хамаарагдаж байгаа мэт боловч цаашлаад эцэг эхийн оролцоо маш чухал гэдгийг онцоллоо. Учир нь бага насны хүүхэд худалдан авах боломжгүй ч насанд хүрэгчид ийм төрлийн бүтээгдэхүүнүүдийг худалдан авахад ямар нэгэн асуудалгүй юм. Тийм ч учраас энэ бүх асуудлаас сэргийлэхийн тулд эцэг эхчүүдийн хараа хяналтыг чангатгах хэрэгтэй гэв.
Мөн түүнчлэн Мексикийн дөрвөн ч том намын эрх баригчид уг хуулийн төслийг улс даяар хэрэгжих байдлаар өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлах хэрэгтэй гэж үзэж байна.
Эх сурвалж: Mexico News Daily