Хиймэл оюун жижиг дунд бизнесийг том компаниудтай өрсөлдөх боломжийг нэмэгдүүлнэ
Орчин үеийн эдийн засаг том компани, корпорацуудад ээлтэй, жижиг дунд үйлдвэрлэл, бизнесүүдэд боломж бага олгодог нь нууц биш. Үүний улмаас маш олон жижиг, дунд бизнесүүд эрсдэлд орж, хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх нь цөөнгүй. Тэгвэл хиймэл оюуны тусламжтайгаар энэ бүх ялгаа, ялгарлыг багахан ч атугай өөрчилж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж байна.
Өнөө үед маш олон хүчирхэг, томоохон компаниуд хиймэл оюуны технологид их хэмжээний хөрөнгө хаяж байна, учир нь тэд энэ технологийг ашиглаж зах зээлийг ноёлох боломжтой гэдгийг олж харж байгаа. Том бизнес, том компаниудад хиймэл оюун ашиглах нь тун их давуу талыг үүсгэнэ. Тэд илүү их мэдээлэлтэй, илүү олон ажилтан, илүү олон боломж, дэвшил болон шийдлийн олон хувилбар хамгийн гол нь санхүүгийн чадамж илүү байгаа. Хэрэв та жижиг дунд бизнес эрхэлдэг бол үүнтэй яаж өрсөлдөх вэ? Шинэ үеийн технологи, хиймэл оюун бидэнд энэ боломжийг нээж өгөхөд тун ч ойрхон байна.
Олон улсын санхүү эдийн засгийн судалгааны “Vistage” төвөөс гаргасан судалгаагаар жижиг дунд бизнес эрхлэгчид дараах дөрвөн салбарт хиймэл оюуныг ашиглаж, өөрсдөдөө ашигтай нөхцөл байдлыг үүсгэж болох нь.
- Бизнесийн үйл ажиллагаа
Бараа бүтээгдэхүүн худалдаалдаг аль ч компани хиймэл оюуны тусламжтайгаар бараа бүтээгдэхүүний борлуулалтаа нэмэгдүүлж болно. Бараа бүтээгдэхүүнээ зах зээлд худалдаалж эхэлсэн бол үүнээс шалтгаалан гарч буй сэтгэгдэл, хандлагаас шалтгаалж дагавар бүтээгдэхүүн, нэмэлт өөрчлөлт зэргийг тооцоолж болох юм.
Дэлхийн томоохон компаниуд уг технологийг ашиглаж байгаа бөгөөд голчлон үйлдвэрлэлийн үе шат, агуулахын хангалт, хүргэлтийн загварчлал болон лангуун дээр гарах тоо зэргийг тооцоолдог. Ингэснээр үр ашиггүй зардал, хэрэгцээгүй хугацаа алдах үйлдлийг багасгаж буй хэрэг.
- Хэрэглэгчийг татах
Бизнес хийж буй компани бүр шинэ хэрэглэгч олох, хуучин хэрэглэгчдээ татаж үлдэх, тогтмол хэрэглэгчтэй болохыг хичээдэг билээ. Хиймэл оюуны тусламжтайгаар борлуулалтын баг худалдан авах магадлал өндөр хэрэглэгчдийг сонгож, тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа авах ажилд төвлөрөх боломжтой. Хэрэглэгч нэмэгдүүлэхийн тулд таамгаар сурталчилгаа зэргийг хийж, цаг болон санхүүгийн зарлага гаргахаас сэргийлнэ. Хиймэл оюун худалдааны загварчлалын мэдээнд дүгнэлт хийн цаашид ямар үйл ажиллагаа хийх хэрэгтэйг ч тодруулж болох юм.
- Ажилчдын чадавх
Ихэнх жижиг дунд бизнесийн гол үнэ цэнэтэй зүйл нь тэдний ажилчдын чадвар, чадавх юм. Тэд хамгийн шилдэг ажилчдыг элсүүлж, эгнээндээ нэгтгэхийг хүсдэг. Гэсэн ч хүний нөөц зарим тохиолдолд чадвар болон үзүүлэлт нь бодит байдлаар компанид ашигтай байж чадах ажилтныг сонгох чадахгүй байх нь элбэг. Хиймэл оюун ажилчдын чадвар, чадавх, зан байдал зэрэг олон мэдээллийн тусламжтайгаар танд эрсдэлийн тодорхойлолт гаргаж өгч чадна. Ингэснээр уг ажилтан нь танайд орсноос хэрхэн үр ашиг үзүүлэх, ашигтай байхыг тодорхойлж болох юм.
- Санхүү
Санхүү болон мөнгөний тооцооллыг хиймэл оюунаар хийлгээд удаан хугацаа өнгөрч байгаа билээ. Маш олон банкнууд, эдийн засгийн байгууллагууд гүйлгээ, тооцоолол зэрэгт хүн ажиллуулахаас илүү хиймэл оюунт суперкомпьютерыг сонгох нь элбэг болсон. Энэ нь тооцооллын алдаа гарахаас сэргийлэх давуу талтай ч хамгийн гол нь нарийн тооцоолсны үндсэн дээр танд хамгийн бага зардлаар их ашиг олж болох боломжийг өгөх юм. Та ажилтнаа халж, бага борлуулалттай бараагаа татан буулгахаас илүү, багахан хирнээ анзаарагддаггүй, үргүй зардлаа хасаж асуудлыг шийдэх боломжтой байж болно. Гэтэл хүний тооцооллоор энэ бүхэн илрэхгүй байх нь элбэг. Тийм ч учраас санхүүгийн тооцооллыг хиймэл оюунд даатгах нь маш том давуу талыг үүсгэх болно.
Жижиг дунд бизнесийн хувьд том компани, том тоглогчидтой өрсөлдөх нь мэдээж хэцүү асуудал. Харин хиймэл оюуны танд өгч болох давуу талуудыг ашигласнаар та энэ хол зөрүүг багахан ч атугай ойртуулах боломжтой юм.
Эх сурвалж: Forbes