Бид яагаад хиймэл оюуны тухай судлах хэрэгтэй вэ?
Хэдий танд сонирхолгүй, судлахыг хүсэхгүй байж болох ч өнөө үед бид хиймэл оюуны тухай зайлшгүй судлах шаардлагатай болоод байна. Учир нь хиймэл оюун орчин цагийн дэлхий дахины хэлэлцүүлгийн хамгийн том сэдвийн нэг болоод байна. Хүмүүс хиймэл оюунд дуртай, дэмждэг болон айдаг, үзэн яддаг хоёр бүлэгт хуваагдаад байгаа. Бараг ихэнх мэдээллийн суваг, эх сурвалжуудаар сүүлийн үед тогтмол яригдах болсон хэдий ч үүний тухай мэдэхгүй хүн ч маш олон байсаар байгаа юм.
Гэхдээ бид яагаад энэ мэдээлэлд анхаарлаа хандуулж, хиймэл оюуны тухай мэдэж авч, судлах хэрэгтэй вэ? Учир нь хиймэл оюун маш хурдан дасан зохицож, бидний өдөр тутмын амьдралд улам л их нөлөөтэй болсоор байна. Тийм ч учраас бид ч энэ бүхэнд дасан зохицох шаардлага цаашдаа үүсэх болсон.
Одоогийн байдлаар хиймэл оюун бидний амьдралд хамгийн их нөлөө үзүүлж буй гурван жишээг дурдъя.
- Хиймэл оюун бидний ажил, мэргэжлийг өөрчилнө
Машин болон роботууд ихэнх тохиолдолд бидний ажлыг биднээс илүү хийж чаддаг болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг нь нэгэнт ирсэн. Гэсэн хэдий ч ихэнх тохиолдолд машин биднийг орлохоос илүү ажлын бүтээмж, чадварыг сайжруулахын тулд бидэнд нэмэлт тусламж болох хандлагатай байгаа билээ. Учир нь эдгээр машинууд мэдээллийн санд үндэслэн мэдээлэл боловсруулах, хадгалах, урьдчилан таамаглах зэрэг үйл ажиллагаанд биднээс илүү давуу талтай байдаг. Тийм ч утгаараа эдгээр нь бидний өдөр тутамдаа хийдэг, цаг хугацаа их шаарддаг ажлуудыг бидний өмнөөс гүйцэтгэж өгнө гэсэн үг. Ингэснээр та илүү бүтээлч байдал болон инновацийн шинэ шийдлүүдэд анхаарах боломжтой болох юм. Энэ нь таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, илүү үр дүнтэй, үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгөх сайн талтай.
- Хиймэл оюун бидний өдөр тутмын амьдралыг өөрчилнө
Таны ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалж, хиймэл оюуны оролцоо бага байж болох ч өдөр тутмын амьдралд оролцох оролцоо их болох нь гарцаагүй юм. Таны захиалсан бараа, барааны хүргэлт, танд санал болгож буй сурталчилгаа гэх мэт эдгээр бүгд хиймэл оюуны ажлын үр дүнд явагдаж байгаа билээ. Хэрэв та эзгүй хээр газар өөрийн хэрэглээний бүх зүйлсийг өөрийн гараар бүтээж амьдраагүй тохиолдолд бусад бүх нөхцөлд хиймэл оюуны оролцоо таны амьдралд их бага хэмжээгээр нөлөөлсөөр байх юм.
- Хиймэл оюун бидний амьдралыг аврах боломжтой
Өнөөдрийн дэлхийд тархсан цар тахал болон бусад хүндрэлээс шалтгаалан эрүүл мэндийн салбар дахь хиймэл оюуны хөгжил маш хурдацтай, үсрэнгүй хөгжиж эхэлсэн нь нууц биш. Олон ч мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хиймэл оюун ойрын ирээдүйд өвчнийг оношилж, бас эмчлэх чадвартай болж эхлэх юм. Одоогийн хэрэглэж буй технологи, хиймэл оюуны чадавх улам хөгжсөнөөр өвчний голомтод ажиллаж, халдварт өвчтэй иргэдэд тусламж үзүүлэх чадвартай болох нь хүнээс хүнд халдварлах эрсдэлийг ч мөн бууруулж, бидний аюулгүй байдал, амь насыг аварч хамгаалах чухал өөрчлөлт болох юм.
Мөн түүнчлэн хиймэл оюуны мэдээлэл боловсруулах чадвараас үзэхэд, өвчний мэдээлэл хуримтлахын зэрэгцээ өвчтөн тус бүрд үзүүлэх эмчилгээ илүү нарийн, илүү шинэлэг болж хувирах юм. Учир нь уламжлалт эмчилгээний арга технологи нь тухайн өвчнийг эмчлэх нийтлэг аргатай байдаг бол хиймэл оюуны тусламжтай шинж тэмдэг, нөлөөлөл зэргийн мэдээлэлд дүн шинжилгээ хийснээр нийтлэг бус зөвхөн танд л тухайлан зориулсан эмчилгээг хийх боломжтой болно.
Үүнээс ч олон жишээгээр хиймэл оюун бидний амьдралд хэдийнээ үлэмж хэмжээгээр нөлөөлсөөр байгаа билээ. Тийм ч учраас үүнээс айх, эсвэл үл тоож суухын оронд ирээдүйтэй хөл нийлүүлж, цаг үеэс хоцрохгүйн тулд судалж, үүний тухай олж мэдэх шаардлага зайлшгүй үүсээд байгаа юм.
Эх сурвалж: Forbes