“Horizon 2020” шинжлэх ухааны мэдээлэл хадгалах ирээдүйн технологи
“Arkivum” компанийн үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн тэргүүн доктор Мэттью Аддис шинээр хийгдэж буй шинжлэх ухааны үнэ цэнэтэй мэдээллүүдийг хадгалах, хамгаалах зориулалт бүхий “Horizon 2020” төслийн тухай танилцууллаа.
Уг төсөл дээр сүүлийн хэдэн сарын турш олон улсын эрдэмтэд хамтран ажиллаж байгаа бөгөөд Европын Холбооноос уг төсөлд зориулж 4.8 сая еврогийн санхүүжилт олгоод байгаа юм. Төслийн гол зорилго нь судалгааны ажил, эрдэм шинжилгээний нийтлэл, бүтээлүүд зэрэг чухал, үнэ цэнэтэй материалуудыг хадгалах, дижитал байдлаар ашиглах, хайлт хийхэд хялбаршуулах зорилготой ажээ. Ийм төрлийн мэдээллүүд нь их хэмжээний багтаамж шаарддагаас гадна хамгаалалт болон бусад асуудал нэн шаардлагатай байдаг ажээ.
“Arkivum” төсөл нь үүлэн технологид суурилж бүтээгдэж байгаа бөгөөд баталгаажсан, найдвартай хэрэглэгчид өөрсдийн мэдээлэл, мэдээллийн сан, программ зэргийг хадгалах, дахин ашиглаж болохоос гадна бусад судлаачид ч түүний бүтээлийг сонирхож, судалж, ашиглаж болох давуу талтай гэнэ. Үүнээс гадна инновацийн шинэ бүтээлүүдийг ч хадгалах боломжтой бөгөөд бусад эрдэмтдэд шаардлагатай мэдээлэл цуглуулах, цаг алдалгүй хандаж болох баталгаатай эх сурвалж болж өгөх давуу талтай гэнэ.
“Arkivum” төслийг үүсгэн байгуулагч Мэттью Аддис: Дэлхий дээр олон салбарын маш их хэмжээний мэдээлэл өдөр тутам үүсэн бий болж байдаг. Энэ бүхнийг эрдэмтэд мэдэхгүй өнгөрөх тохиолдол ч их байдаг. Харин үүнийг нэг санд байршуулж, бүгд ашиглах боломж үүсгэх нь цаашдаа эдийн засгийн болон шинжлэх ухааны хувьд маш том хувь нэмэр оруулж, олон ч шинжлэх ухааны бүтээлд түлхэц, хувь нэмрээ оруулах боломжтой гэж үзэж байгаа гэв.
Үүнийг бүтээсний гол ашиг удаан хугацаандаа илрэх бөгөөд цаашид улам л хэрэгцээтэй болох болно. Тэд их хэмжээний мэдээллийг баталгаатай серверт хадгалахын тулд “Google Cloud” компанитай хамтарч ажиллаж байгаа ажээ.
Мэдээллийн нэг сантай байх нь олон ч эрдэмтдийн хувьд ажлыг нь хялбаршуулаад зогсохгүй, дэлхий дахинд ч ашигтай юм. Жишээ нь бидэнд одоо нүүр тулаад буй коронавирусын аюулыг даван гарахын тулд дэлхийн өнцөг булан бүрд, эмч, эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнууд вакцин гаргаж авахаар хичээж байгаа билээ. Хэрэв хэн нэгэн эрдэмтэн нь мэдээллийн санд өөрийн туршилт, мэдээлэл зэргийг оруулбал бусад эрдэмтдэд шаардлагатай мэдээллийн эх үүсвэр болохоос гадна амжилтгүй болсон туршилтыг давтаж цаг алдах хэрэггүй болох юм.
“Google” компани уг төсөлд зориулж өөрсдийн хамгийн өндөр хурдтай сүлжээний холболтыг ашиглаж байгаа бөгөөд их хэмжээний мэдээллийг илүү богино хугацаанд хуулах, хадгалах, боловсруулах давуу талтай болж байгаа юм.
Эх сурвалж: Innovation news network