Пакистан улс нэг өдөрт 3.5 сая мод тарив
Пакистан улсын ерөнхий сайд Имран Хан-ы санаачилгаар Пакистан улсын түүхэн дэх хамгийн олон мод тарьсан үйл явдал наймдугаар сарын 9-ий өдөр болж өнгөрлөө. Пакистан улс нь дэлхийн цаг уурын өөрчлөлтийн нөлөө хамгийн их хүндээр тусаж буй зургаан орны нэг бөгөөд үүний эсрэг дорвитой үйл ажиллагаа хийхээр Исламабад хотод өнгөрсөн бүтэн сайн өдөр бүх нийтийн мод тарих үйл ажиллагаа хэрэгжсэн юм.
Ерөнхий сайд Имран Хан: Бид ирээдүй хойч үе, эх орноо бодож, төрсөн нутгаа илүү ногоон хөгжилд хөтлөх нь хүн бүрийн үүрэг хариуцлага юм гэж хэлжээ.
Пакистан улс одооноос дорвитой арга хэмжээ авч эхлэхгүй бол маш олон бүс нутгууд нь цөлжих эрсдэл үүсээд байгаа бөгөөд үүнээс урьдчилан сэргийлж, байдлыг өөрчлөхийн тулд нэг өдрийн дотор 3.5 сая мод тарихыг ерөнхий сайд хүсжээ. Мөн түүнчлэн их хэмжээний цөлжилт явагдаж буйн улмаас чийглэгийн төвшин буурч, жилийн дундаж хур тунадас мөн багассанаар улаан буудайн ургац үлэмж хэмжээгээр доройтож хангалттай хэмжээний ургац авж чадахгүй байдалд хүрээд байна.
Тэрээр өнгөрсөн бямба гаригт энэ тухай өөрийн твиттер хаягаар жиргэсэн бөгөөд хүн бүрийг үндэстний хэмжээний уг хөдөлгөөнд оролцохыг уриалсан байна. Мөн дараах жиргээнүүдээрээ эхний ээлжид 3.5 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа бөгөөд цаашид үүнээс ч олныг тарих зорилт тавиад байгаа тухайгаа мэдэгдсэн юм.
Түүний цаашдын төлөвлөгөөгөөр Пакистан улсад нийт 10 тэрбум мод тарих бөгөөд уг санаачлагдаа иргэд, сайн дурынхныг ч уриалж байгаа юм. Түүнээс гадна цахим орчинд “Green Selfie” хөдөлгөөн дэлгэрээд байгаа бөгөөд мод тарих үйл хэрэгт оролцож, үүнийгээ баталгаажуулсан зургаа цахим орчинд нийтлэх нь бусад хүмүүсийг ч сэдэлжүүлэх ач тустай гэж үзэж байгаа юм.
Уг хөтөлбөрийг нь Дэлхийн банк сайшааж 188 сая ам.долларыг ногоон ирээдүй бүтээн босгох хөтөлбөрт нь хандивлана гэдгээ мэдэгдээд байгаа юм. Үүнээс гадна Пакистан Хятад, Йемен зэрэг маш олон орны элчин сайдууд уг санаачлагыг дэмжиж элчин сайдын яамны хашаанд болон олон нийтийн талбайд мод тарьж нэгдсэн байна.
Эх сурвалж: Tribune.com.pk