Бидний амьдралд аж үйлдвэрийн 4-р хувьсгал хэрхэн нөлөөлөх вэ?
Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаасаа хойш гурван ч удаа аж үйлдвэрийн хувьсгалтай учирсан билээ. Харин одоо дөрөв дэх удаагийн хувьсгалын шатанд ирээд байгаа нь хиймэл оюун билээ. Үүнийг зарим эрдэмтэд оюун ухааны хувьсал ч гэж нэрлэдэг, гэхдээ нэршил ямар байх нь чухал биш бөгөөд энэ удаагийн хувьсал нь өмнөх гурван удаагийнхтай ижлээр бидний амьдрал, дэлхий ертөнцийг тэр чигт нь өөрчлөх нь тодорхой.
Хиймэл оюун гэж юу вэ? Тэдний нөлөө юу вэ? Яагаад заавал одоо гэж?
Хиймэл оюун гэдэг нь өөрийн оюун ухаант машин (робот, дрон, компьютер гэх мэт юу ч байж болно) бөгөөд өмнө нь байгаль дээр зөвхөн хүн л хийдэг байсан “бодох” үйлдлийг хийх чадвартай төхөөрөмжүүд юм. Эдгээр нь гадаад орчноос мэдээ авч, боловсруулж, үүгээрээ суралцаж, өөрсдийн мэдлэгийн хүрээнд хүний оролцоотой эсвэл оролцоогүйгээр тодорхой шийдвэр гаргах чадвартай. Дөрөвдүгээр үеийн оюун ухааны хувьсгалд хамгийн чухал өгөгдөл нь мэдээллийн сан юм. Хиймэл оюун чухал шийдвэр гаргахын тулд маш их хэмжээний хэрэгтэй мэдээллийг боловсруулах шаардлагатай. Ингэснээр бидний хүссэн үр дүн, хүссэн шийдвэр, хүссэн тооцооллыг боловсруулж өгөх чадвартай.
Бидний бүтээсэн бүтээл шаардлагатай мэдээллийн тусламжтай, шийдвэр гаргаж тооцоолол хийж чаддаг болсон нь аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал хэдийн явагдаад эхэлсэн гэдгийг нотолгоо юм. Ерөнхийдөө хиймэл оюун ухаан тийм ч шинэ зүйл биш. Уг аргачлал, санаачилга, төлөвлөгөө хэдэн арван жилийн өмнөөс эхтэй. Гэхдээ яагаад яг одоо хувьсгал явагдаж байгаа гэж? Үүнд хоёр хариулт байж болох юм.
- Бид өмнө байгаагүйгээр маш их, хангалттай хэмжээний мэдээллийн сантай болсон.
Бидний мэдэх бүхэн, үйлдэж буй бүхэн мэдээллийн сан болж байдаг. Дижитал төхөөрөмжийн хөгжлийн ачаар бид бүхэн өмнө байснаас илүү их хэмжээний мэдээллийн сан боловсруулж, хадгалах, ашиглах чадвартай болсон. Үүний ачаар хиймэл оюун ухаан маш хурдацтайгаар хөгжиж, илүү ухаалаг болж үүгээрээ маш оновчтой шийдвэр, тооцооллуудыг богино хугацаанд гүйцэтгэх чадвартай болсон. Ашиглах боломжтой мэдээлэл нэмэгдэхийн хэрээр, хиймэл оюуны уг чадварууд улам л боловсронгуй болно. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хиймэл оюунт энгийн алгоритмууд хүртэл маш боловсронгуй болсны энгийн нэг жишээ нь “Netflix”, “Spotify” зэрэг аппликэйшнүүд юм. Таны үзсэн кино, сонссон дуу дуусах үед эдгээрийн алгоритмд байх хиймэл оюун танд таалагдаж болох дараагийн бүтээлийг санал болгоно. Энэ нь цаг хэмнэхээс гадна, хиймэл оюуны тооцоолол маш өндөр болсныг илтгэж байна.
- Компьютерын тооцооллын үсрэнгүй хөгжил болон хадгалах, санах ой
Өндөр хөгжсөн компьютерын чадамж, үүлэн систем болон эдгээрийн мэдээлэл хадгалах, ангилах, боловсруулах чадвар өндөр хөгжсөнөөр бид их хэмжээний мэдээллийг системтэйгээр бэлтгэх, хадгалах чадвартай болсон. Энэ бүхэн нь хиймэл оюуны суралцах хурдыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж өгсөн. Ийм аргачлалгүйгээр хэт их мэдээллийн сан байх нь үр бүтээмж муутай юм.
Оюуны хувьсгал таны бизнест хэрхэн нөлөөлөх вэ?
Бидний бизнес, эрхэлж буй ажил бүр илүү ухаалаг, илүү боловсронгуй болсоор байгаа. Ердийн нэг “startup” компаниас эхлээд дэлхийн хэмжээний корпорацуудын хооронд дижитал хэрэглээ болон техник, технологийн ашиглалтын ялгаа тун ч бага болсон билээ. Тийм ч учраас энэ хувьсал бүх төрлийн бизнест нөлөөлөх нь дамжиггүй.
Уламжлалт газар тариалангийн бизнес дээр жишээ авч үзье. Газар тариалан болон хөдөө аж ахуйн бизнесүүд уг хувьсгалын явцад мөн ялгаагүй их хэмжээгээр хувьсаж, өөрчлөлтөд орж өндөр хөгжиж эхэлсэн. Газар тариалангийн бүсийг хиймэл оюуны тусламжтай хөрс болон бүтцийн тооцоолол зэргийг хийж тухайн газарт хамгийн ашиг, шимтэй байдлаар хамгийн өндөр үр дүнтэйгээр, их ургац авахын тулд тооцоолол хийж аль хөрсөнд ямар төрлийн ургамал тарихыг тооцоолж эхэлсэн. Өмнөх үеийн мэдээллийн тусламжтайгаар хиймэл оюун фермерүүдэд хөрс болон цаг уурын нөхцөл байдлыг илтгэж, ургацын эрүүл, аюулгүй байдал, хэмжээ, боломж зэргийн дэлгэрэнгүй мэдээллийг өгөх чадвартай болсон.
Үүнтэй ижил байдлаар мэдээлэл болон хиймэл оюуны тусламжтай бүх төрлийн үйлдвэрлэл болон бизнесүүд хурдацтайгаар хөгжиж байна. Хэрэв та бизнесээ хөгжүүлэхийн тулд хиймэл оюуныг, мэдээллийг ашиглаж чадахгүй бол хөгжлийн хурд, чадамж зэргээр бусад бизнестэй өрсөлдөх чадамж бусдаас бага байна.
Сайн муу гэх маргаанд цэг тавих хэрэгтэй
Хиймэл оюун хөгжихийн хэрээр бидэнд тулгараад буй хамгийн том асуулт бол хиймэл оюун бидэнд ашигтай юу? Эсвэл аюултай юу? Гэх асуулт байнга тулгарч байгаа билээ. Өндөр хөгжил бүхий оюун ухаант машинууд бидний нийгэм болон хувийн амьдралд тустай байж, бидэнд тулгамдсан хүнд асуудлуудыг шийдвэрлэхэд эсвэл өдөр тутмын амьдралыг улам амар болгоно гэж боддог байхад нөгөө талаар машинуудын хөгжил нь хүн төрөлхтний мөхлийн эхний алхам гэж боддог бүлэг ч байдаг. Мэдээж технологийн үсрэнгүй, өндөр хөгжлийг гайхан бишрэх, үүнд сэтгэл ханамжтай байх эсвэл харгис хэрцгий, буруу зүйлд ашиглагдах боломж бий тул айдас төрүүлэх нь зүйн хэрэг юм.
Гэсэн хэдий ч ерөнхийдөө энэ маргаан бол утгагүй хэрэг. Та үүнээс айдаг эсвэл үүнийг дэмждэг аль нь ч бай ялгаагүй аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, “оюун ухааны хувьсгал” хэдийн үргэлжилсээр байна. Технологи зөвхөн урагш тэмүүлж, илүү ухаалаг болох гэсэн цор ганц замаар хөгжиж эхлээд удаж байна, одоо бидэнд буцах зам үгүй. Тийм ч учраас сайн муу гэж мэтгэлцэж, үүнийг үл тоож, ашиглалгүй орхихын оронд ашигтай байдлыг нэмэгдүүлэх санаачилгаар, улам боловсронгуй болгож хөгжүүлэх нь бидэнд байгаа цор ганц сонголт юм.
Хиймэл оюун ухаан бүх төрлийн бизнес, ажил үйлчилгээ, үйлдвэрлэлд нөлөөлөл, ул мөрөө үлдээх нь гарцаагүй, тиймээс та ч гэсэн үүнийг өөрийн бизнест хэрхэн үр ашигтайгаар ашиглах тухай бодож эхэлсэн нь шинэ үед дасан зохицоход дөхөмтэй болно.
Эх сурвалж: Forbes