Дэлбэрэлтийн дараа Ливанд ердөө сар хүрэхгүй хугацааны үр тарианы нөөц үлджээ
Өнгөрсөн наймдугаар сарын дөрөвний өдөр Бейрут хотод болсон дэлбэрэлтийн дараа далайн боомтын ойролцоо байрлалтай үр тарианы агуулах өртөж устсан ажээ. Үүнээс болж Ливан улсад сар хүрэхгүй хугацаанд хэрэглэхээр үр тарианы нөөц үлдсэн байна.
Ливан улсын санхүү эдийн засгийн сайд Раул Нехме “Reuters” агентлагт өгсөн мэдэгдэлдээ тэдэнд санхүүгийн болон хүнс тэжээлийн эрсдэлийг даван гарахын тулд дахин гурван сарын нөөц хэрэгтэй тухай мэдээлсэн байна.
Уг тэсрэлт нь 30 жилийн өмнө Бейрут хотод болсон иргэний дайнаас ч илүү сүйрлийг авч ирсэн юм. Ливан улс тэсрэлтээс ч өмнө санхүүгийн асуудалд орж эхэлсэн байсан бөгөөд, үр тарианы нөөц бэлдэх нь хүндрэлтэй болоод байсан юм. Энэ үед тэсрэлт болж агуулах нь устсан нь Ливан улсын хувьд маш том цохилт болоод байна. Гэсэн ч тэд одоогийн байдлаар талх болон гурилын үйлдвэрлэл хангалттай байгаа бөгөөд цаашид урт хугацаандаа хэрэглэгдэх үр тариа болон гурилын нөөцийг аль хэдийн усан онгоцоор татаж эхлээд байгаа тухайгаа мэдээлсэн гэнэ.
Бейрут хотын боомт дэлбэрэлтийн улмаас ашиглагдах боломжгүй болсон бөгөөд ингэснээр хүнсний гол хангамжаа авдаг усан тээвэр тасалдахад хүрээд байгаа юм. Ливан улсын хоёр дахь том боомт болох Триполи боомтын дарга Ахмед Тамерийн мэдэгдсэнээр боомт дээр үр тарианы агуулах байхгүй хэдий ч машин тээврээр хоёр км зайд байрлах агуулахруу тээвэрлэх боломжтой гэж мэдэгдсэн юм.
Мөн түүнчлэн Триполигоос гадна Сайда, Селаата болон Жиех боомтууд ч мөн үр тариа хүлээж авах бэлтгэлээ хангаж эхэлсэн гэнэ.
Эх сурвалж: Reuters