Том хотын иргэдэд тулгардаг сэтгэцийн асуудлууд
Том хотод амьдрах нь бидэнд тав тухтай байдал, олон боломжууд, өөрийн чадал чансааг үзэх боломжийг нээж өгдөг. Гэсэн хэдий ч энэ боломж тийм ч амархан үнээр олддоггүй. Энэ бүхнийг олж авахын тулд бид маш их хичээж байдаг бөгөөд энэ бүхэн нь эсрэгээрээ нэлээдгүй сэтгэц мэдрэлийн хувьд сөрөг талтай байдаг ажээ. Том хотын иргэд ямар төрлийн сэтгэцийн асуудалтай нүүр тулдаг вэ?
Сэтгэл түгших эмгэг
Томоохон хотын иргэд, тэр дундаа эмэгтэйчүүд энэ төрлийн асуудалтай нүүр тулах нь элбэг ажээ. Өдөр тутамдаа болох асуудал, эрсдэл зэргийг тооцоолж, ажлын байр хувийн амьдралд нүүр тулах бүхнийг давж туулах, энэ бүхнээс урьдчилан сэргийлэх шаардлага үүсдэг нь ийм төрлийн эмгэг үүсгэдэг байна. Энэ мэдрэмжээ тайлж, арга хэмжээ авч чадаагүй удаан явсны улмаас сэтгэлийн гүн хямрал буюу депрессд орох нь ч элбэг. Тийм ч учраас мэргэжилтнүүд сэтгэл түгших эмгэг илэрсэн тохиолдолд тэр даруй сэтгэл зүйчтэй уулзаж арга хэмжээ авахыг зөвлөдөг байна. Ямар шинж тэмдэг илэрсэн тохиолдолд сэтгэл зүйчид хандах хэрэгтэй вэ?
- Нойр муудах
- Болсон зүйл эсвэл болох асуудалд хэтэрхий айдастай хандаж, байнга санаа зовох
- Төвлөрөхөд хэцүү болох
- Шалтгаангүй айдастай болох
- Үхэх тухай бодох эсвэл асуудалтай зүйлсэд донтож эхлэх
Архаг ядралын хам шинж
Уг асуудал нь том хотын иргэдэд тогтмол тохиолддог бөгөөд бидний өдөр тутмын амьдрал, эрүүл мэнд болон бидний бүтээмжид нөлөөлдөг. Уг эмгэг нь сэтгэлийн хямрал үүсгэдэг бөгөөд тийм ч хурцаар анзаарагддаггүй учир хүмүүс мэргэжилтэнд хандах нь бага байдаг ажээ. Гэсэн хэдий ч энэ төрлийн эмгэг нь ханиад, томуу зэрэг өдөр тутамдаа авч болох эрсдэл бүхий халдварт өвчнүүдийг илүү хүнд тусах шалтгаан болдог. Шинж тэмдэг нь
- Гэрэлд хэт мэдрэг болох
- Бие сульдах
- Толгой өвдөх болон стресст орох
- Анхаарал сулрах
- Тунгалгийн булчирхай хавдах
- Ой санамж муудах
- Үе мөчөөр өвдөх
- Нойр муудах
Сэтгэл гутрал
Сэтгэл болон биеийн хэт ачаалал, нойр дутмаг явах болон байнга стресст орох нь сэтгэл гутралыг үүсгэдэг. Энэ бүх асуудал нь их хотын иргэн бүрд их бага хэмжээгээр байдаг гэхэд хилсдэхгүй . Уг эмгэг нь маш аюултай бөгөөд бидний өдөр тутамдаа харж байдаг хэн нэгэн биднийг анзаараагүй байхад үүнээс болж тун ч шаналж явах нь элбэг. Сэтгэл гутралыг хүмүүс залхуурал, бие сульдах зэрэгтэй андуурах тохиолдол их бөгөөд удахгүй зүгээр болчихно гэж боддог нь хамгийн асуудалтай юм. Гэхдээ сэтгэл гутрал нь үхэлд хүргэж болохуйц, анхааралдаа авах ёстой эмгэг юм.
- Хэт цочромтгой байдал
- Тогтмол хэт эрт сэрэх
- Зуршил болон сонирхолтой зүйлсээс уйдах
- Шийдвэр гаргах чадваргүй болох
- Нуруу өвдөх
- Хоолны дуршил муудах
- Цахим орчин болон сошиал медиад донтох
Агорафоби
Маш хэцүү сэтгэцийн эмгэг бөгөөд уг эмгэгээр шаналж буй хүмүүст маш зовиуртай байдаг. Уг эмгэг нь олон хүнтэй газар болон том талбай, зай ихтэй томоохон хэмжээний өрөө зэргээс айх айдас юм. Уг эмгэг нь байнга стресст олох, хүмүүстэй харилцахгүй байх зэргээс үүсдэг
- Тогтмол сэтгэл гутралтай байж, сэтгэл санааны хувьд таагүй байна
- Задгай, том талбай, орчноос айна
- Олон нийтийн газар, олон хүн цугласан орчноос айх, танихгүй хүнээс айх
Эдгээр эмгэгүүд нь томоохон хотын дийлэнх иргэдэд их бага хэмжээгээр учирдаг бөгөөд хүн болгоны тэмцэх арга нь өөр өөр байдаг. Зарим нь их хэмжээгээр идэх, амттанд дурлах, архи уух болон бусад төрлийн мансуурах бодисоор аргацааж байдаг. Гэхдээ сөрөг тал нь ийм сэтгэцийн эмгэгээр шаналж буй хүмүүс энэ төрлийн зүйлсэд донтох хандлага нь илүү өндөр бөгөөд энэ бүхнээс болж амьдралаа алдах тохиолдлууд ч цөөнгүй. Тиймээс цаг тухайд нь сэтгэл зүйч, мэргэжлийн хүмүүст хандаж туслалцаа авч байх хэрэгтэй юм.
Эх сурвалж: Psychology Today