Бид одоогийн физикийн мэдлэгээрээ гариг хоорондын аялал хийх боломжтой юу?
Хүн төрөлхтөн шөнийн оддыг ажиглаж, тэнгэрийн хязгаарт юу байгааг мэдэхийн хүссэн тэр үеэс л гариг ертөнц, од эрхэс дамжин аялахыг мөрөөдөж ирсэн биз. Хэдийгээр бидний бүтээсэн химийн-технологид үндэслэсэн сансрын хөлөг, пуужин биднийг сар болон ангараг зэрэг гаригуудад амжилттай хүргэж чадсан ч одоогийн байдлаар хүн төрөлхтний хувьд хамгийн хол зайг амжилттай туулсан нь “Voyager 1” хөлөг 22.3 тэрбум километр буюу хамгийн ойролцоо байрлах оддын систем хүртэлх зайн дөнгөж 0.056 хувийг л туулаад байгаа юм. Бидний одоогийн технологийн хүчин чадлаар бид өөр одны систем хүртэл аялахын тулд 100,000 жил хэрэг болох юм.
Гэсэн хэдий ч энэ бүхнээр өөрийгөө хорьж, хойш ухрах шаардлагагүй гэдгийг маш олон эрдэмтэд, инженерүүд ойлгодог учир үүнийг улам боловсронгуй, хүчин чадалтай болгохын тулд цаг наргүй судалгаа шинжилгээ, хөгжүүлэлт хийсээр байгаа билээ. Тэдний одоогийн тооцооллоор бидэнд илүү бага цагт, илүү өндөр хурдаар бусад гариг эрхэс, оддын системрүү аялж болох 4 боломж байгаа гэнэ.
- Цөмийн тэсрэлтийн хүч
Хүн төрөлхтөн сансрын аялал хийж эхэлсэн цагаасаа л сансарт хөөрөх пуужингийн түлшийг химийн бодисоор хийж ирсэн. Пуужингийн түлш нь тэсрэлтийг маш өндөр байлгах зориулалт бүхий сайтар тооцоолсон химийн бодисуудын нэгдэл билээ. Үүний хүч нь бодист буй атом хоорондын холбоос болон үүний эрчим хүч өгөх чадвартай шууд хамааралтай.
Тийм ч учраас энэ нь хүчин чадлын хувьд хязгаартай юм. Эйнштейний алдарт тэгшитгэлийн онол болох E=MC2 томьёогоор бодож үзэхэд пуужингийн 1 кг түлш нь зөвхөн 1мг массгүй түлшний хүчитгэлтэй ижил энерги үүсгэх чадалтай юм. Хэрэв үүнийг цөмийн түлшээр орлуулбал маш их өөрчлөлт үзүүлэх нь дамжиггүй юм. Өмнөх химийн гаралтай түлшнээс ялгаатай нь цөмийн түлш нь электроны хүчитгэл болон атомын холбоосноос хамааралгүй. Ураны атомыг тусад нь салгаж нейтроноор бөмбөгдөх үед энэ нь хэд дахин хүчтэй байх бөгөөд одоогийн хэрэглэдэг химийн гаралтай түлшнээс даруй 1000 дахин илүү чадалтай юм.
Хэрэв бид устөрөгчийг гелирүү урвалд оруулах боломжтой байсан бол энэ нь бүр 10,000 дахин хүчтэй түлш болох боломжтой. Тийм ч учраас олон эрдэмтэд бид нэг төрлийн түлшийг хэтэрхий удаан хэрэглэж байна гэсэн санал хэлж байгаа юм. Учир нь бидэнд одоогийн хэрэглэж байгаа түлшнээс хэдэн мянга дахин хүчирхэгжүүлэх боломж байсаар байна. Ингэж чадвал сансрын аяллын хугацааг ядаж зуу зуун жилээр хэмнэх нь дамжиггүй.
- Сансарт суурилсан лазерын тусгал
Одоогийн сансрын аяллын гол концепц нь аялал хийж буй пуужин, сансрын хөлөг нь өөрийн түлшийг агуулж явдаг билээ. Тэгвэл энэ төлөвлөгөөний гол санаа нь үүнээс эсрэг юм. Энэ нь хөлгийн тийрэлтийн хүчийг гаднаас буюу задгай сансарт байрлуулсан маш хүчирхэг лазераар пуужинд түлхэлт өгөх төлөвлөгөө юм.
Энэ төсөл бол маш гайхалтайгаас гадна маш олон онол, төлөвлөгөө, ажиллагаанд хувьсал хийх боломжтой юм. Лазерын технологи өдөр ирэх тусам илүү оновчтой, илүү хүчирхэг болоод байгаа билээ. Мөн бид одоогийн чадвараар лазерын тусгалыг хүлээж авч, тэсрэлт болгон ашигласнаар хурдатгал үүсгэх технологийг ч бүтээх боломжтой байгаа билээ. Лазерын энергийн тэсрэлт нь гэрлийн хурдны 20 хувьтай тэнцэхүйц хурд гаргах чадвартай юм. Бид энэ хурдаар хамгийн ойр байрлах “Proxima Centauri” одонд 22 жилийн дотор хүрэх боломжтой юм. Ингэхийн тулд бидэнд 100 км.квадрат хэмжээтэй, өндөр хүчин чадал бүхий лазерын их буу бүтээх хэрэгтэй. Гол асуудал нь үүнийг сансарт хийх хэрэгтэй бөгөөд үүнийг бүтээхэд тулгарч байгаа ганц асуудал нь шинжлэх ухаан, технологи аль нь ч биш зөвхөн санхүүгийн хүндрэл билээ.
- Антиматери түлш
Хэрэв бид түлшээ хөлөгтөө агуулж явна гэж тооцоолбол бидэнд хамгийн үр дүн өндөртэй байх түлш нь антиматери түлш юм. Химийн гаралтай түлш эсвэл цөмийн түлшнээс илүү антиматери түлш нь 100 хувийн үзүүлэлттэй бөгөөд өөрийн жингээ 100 хувь эрчим хүч болгох чадвартай юм. Гэхдээ антиматери түлшийг бүтээхэд гурван том асуудал тулгардаг
- Бүтээхэд хүндрэлтэй, тогтворгүй нэгдэл
- Энгийн материас салгаж авч, удирдах нь маш хүндрэлтэй
- Сансрын аялалд хангалттай их хэмжээгээр бүтээх нь маш хүндрэлтэй.
Гэхдээ нэгэн баярт мэдээ байгаа нь эхний хоёр асуудлыг шийдэхэд тун дөхөж ирээд байгаа юм. Уг технологийг бид ойрын үед ашиглах шаардлага гарахгүй ч үүнийг бий болгосноос бидний сансрын аялал илүү хурдацтай болох нь гарцаагүй
- Хар матери ашигладаг сансрын хөлөг
Энэ онол цэвэр хар материйн судалгаанд үндэслэнэ. Онолын үүднээс хар материуд нь хоорондоо урвалд орж эрчим хүч ялгаруулах боломжтой гэж үздэг.
Уг онолын гол санаа нь сүүн зам болон бусад гариг эрхэсээс тайлбарлах боломжгүй гамма цацраг туяа ирдэг нь хар материйн улмаас гэж олон эрдэмтэд үздэг юм. Тийм ч учраас хар матери ашиглаж түлш хийн аялах боломжтой сансрын хөлөг бүтээх санал үүссэн хэрэг. Хар материар түлш хийхийн давуу тал нь галактикт хаа сайгүй байх бөгөөд бидэнд түлшээ авч явах, эсвэл сансарт ямар нэгэн зүйл бүтээн босгох шаардлага гарахгүй юм. Үүний оронд хар матери ашиглах нэгхэн реактор байхад л хангалттай. Ингэсний дараа реакторын хүчин чадал, хэмжээ, хүчитгэл зэргийг тооцоолсны үндсэн дээр бид хүссэн зорилгодоо хүрч чадах юм.
Үүнээс гадна дурдаагүй хэдий ч боломжит хэд хэдэн шинжлэх ухааны нээлтүүд, тайлбарууд байсаар байгаа. Гэхдээ бидэнд үүнийг бүтээхийн тулд шинэ үеийн технологи хэрэгтэй болоод байна. Энэ зууны төгсгөл гэхэд “Voyager 1” хөлгийн амжилтыг эвдэх олон олон сансрын хөлөг бүтээгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: Forbes