Дэлхийн дулаарал халдварт өвчнөөс олон хүний аминд хүрнэ
Дэлхийн дулаарал улам эрчимжиж, хойд туйл болон Канад зэрэг олон газрын мөнх цас мөст хэсгүүд хайлж байгаа явдал олон цаг уурч, эрдэмтдийн төдийгүй жирийн иргэдийн санааг зовоосоор байгаа билээ. Саяхан хийгдсэн нэг судалгаанаас үзэхэд хэрэв дэлхийн дулаарал энэ хурдцаараа явагдаж, байдал муудвал өмнө нь гарч байсан ямар ч аймшигт цар тахлаас олон иргэний амь насыг үүрд мөнх авч одно гэсэн тооцоолол гарсан юм.
Температур тогтмол өсөж байгаа энэ үед харьцангуй хөгжил буурай, ядуу орны хувьд дасан зохицоход тун ч хүндрэлтэй байгаа юм. Тийм ч учраас эдгээр газруудад олон тооны иргэд амь насаа алдана гэж үзэж байгаа юм. Мөн түүнчлэн дулаарлаас болж үүсэх эдийн засгийн хохирол нь хөгжингүй орнуудад ч гэсэн хүнд асуудал болохоор байгаа ажээ.
Уг судалгаанд тооцоолж үзсэнээр энэ зууны дунд үе гэхэд дэлхийн дулаарлын улмаас 100,000 хүнд харьцуулсан нас баралтын тоо 73-р нэмэгдэнэ гэнэ. Энэ нь одоо цагт байгаа хумхаа, ХДХВ, сүрьеэ зэрэг маш олон төрлийн халдварт өвчнүүдийг нийлүүлснээс ч өндөр тоо юм. Мөн түүнчлэн өндөр настнууд наршилт болон наранд цохиулах, жин цохих зэрэг халуунаас шалтгаантай өвчнөөр амь насаа алдах нь улам ихсэх гэнэ.
Дулаарлын үед дэлхийн хамгийн халуун хэсгүүдэд байдаг ядуу буурай орнууд хамгийн их хохирлыг амсах ажээ. Хэдийн маш өндөр хэмтэй халуун болсон өнөө үед дулааны хэм нэмж халах нь маш аюултай болсоор буйн илрэл юм. 2020 оны цаг уурын дүнгээс харахад АНУ, Европ, Австрали, Энэтхэг, Хойд туйл гээд л маш олон газар түүхэнд байгаагүйгээр өндөр халж байгаа нь энэ жилийн түүхэнд хамгийн их халсан жил болохоор хэмжээнд байгаа ажээ. Тийм ч учраас олон орнууд цар тахлаас гадна хэт халалтын эрсдэлд санаа зовсоор байгаа билээ. Учир нь зөвхөн Франц улсад л гэхэд 2019 онд 1500 иргэн хэт халалтын улмаас болж амь насаа алдсан юм.
Коронавирус цар тахал дэлхийн хэмжээнд аюул занал болж, эрүүл мэнд, эмнэлзүйн салбарыг болон санхүүгийн хувьд хүндрэл үүсгээд байгаа энэ үед бид мөн дэлхийн дулааралд ч анхаарал хандуулах хэрэгтэй болов уу. Бид яг одоо л, хэтэрхий хожимдхоос нь өмнө, засаж залруулах арга хэмжээ авч эхлэх хэрэгтэй.
Эх сурвалж: Guardian