Хэнийг ч хүлээдэггүй өдөр хоногуудтай дуусашгүй уралдаан зарласан амьдралдаа нэгээхэн хором азнаад Пауло Коэльогийн “Алхимич” зохиолд гардаг шиг зүрхтэйгээ ярилцаад үзээрэй. Абстракт уран зураг таныг ямар нэг зүйлийг олон талаас нь хар гэж тулгахгүй, харин олон дундаас нэг л зүйлийг олж харж, сэтгэлээ тольдох эрх чөлөөг олгож чадна.
ХААН галерей өөрийн сан хөмрөг дэх дүрслэх урлагийн сор бүтээлүүдээс түүвэрлэн өнгөрсөн сард монгол зургийн бүтээлүүдийг үзэгч олонд цахим хэлбэрээр хүргэсэн бол энэ удаа “ABSTRACTION” 360 виртуал үзэсгэлэнг толилуулаад байна.
XIX зууны дунд үеэс дэлхийн урлагийн түүхэнд хүч түрэн орж ирсэн модерн-орчин үеийн урлагийн төрлүүд XX зууны сүүлчээр Монголын урлагт хүчтэй нөлөөлсөн байдаг. Социалист реалист сэдвээр ихэвчлэн бүтээл туурвиж олон нийтэд танилцуулж байсан Монголын уран бүтээлчид 1990-ээд оноос захиалгын бүтээлээс эрс татгалзан оюун санааны эрх чөлөөг тунхаглан модерн чиглэлийн уран бүтээлүүдийг туурвин олон нийтэд өөрсдийгөө чөлөөтэй илэрхийлж эхэлсэн билээ. Эдгээр уран бүтээлчийн дотоод ертөнц, түүний бодол, мэдрэмжийг тодорхой дүрслэлгүй ч хийсвэрлэл өнгө зохиомжоор бүрэн илэрхийлсэн абстракт уран зургууд ХААН Банкны уран зургийн сан хөмрөгт цөөнгүй бий бөгөөд энэ удаа төлөөлөл болгон 12 уран бүтээлчийн 17 абстракт зургийг үзэгчдийнхээ өмнө дэлгээд буй.
Урлаг бол цаг үе, нөхцөл байдлаас үл хамааран нийгмийн хөгжлөөс түрүүлж алхдагийн нотолгоо болсон Монголын модерн урлангийн анхдагчдын нэг П.Балдандоржийн “Цэнхэр ба цагаан” (33х39см, гуашь 1967) зохиомжоос эхлээд өнөөг хүртэл бүтээгдсэн абстракт зургууд багтсанаараа энэхүү үзэсгэлэн онцлог юм.
ХААН галерейн “ABSTRACTION” 360 виртуал үзэсгэлэнг үзэж сонирхохыг хүсвэл та бүхэн ЭНД дарна уу.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.