Тэр надаас юугаар илүү гэж...
Та хэн нэгэнд дурлаж, бүх л анхаарал, халамж хайраа түүндээ зориулсан ч тэр нэгэн хүн таныг тоолгүйгээр өөр нэгнийг сонгож байсан тохиолдолтой таарч байсан биз. Үгүй гэхэд бидний сайн мэдэх хэн нэгэнд энэ бүхэн тохиолдож байсан. Тийм бол энэ зүйл юунаас болдог юм бол?
10 жилийн өмнө хүмүүсийн сэтгэл татам байдал нөгөө хүнд хэрхэн нөлөөлдөг эсэхийг судлах сэтгэлзүйн сорил хийж байсан юм. Уг судалгааны үр дүнд нэлээд хэдэн хүчин зүйл бусдын сэтгэлийг татдаг байна. Чухам танд байхгүй, тэр хүнд байсан ямар зүйлс өөр сонголт хийхэд нөлөөлснийг одоо мэдэж авъя. Энэ бүхнийг олж мэдсэнээр та өөрт таалагддаг хүндээ сайхан сэтгэгдэл төрүүлж, хамт байх боломж үүсгэнэ гэж найдаж байна.
- Динамик сэтгэл татам байдал
Мэдээж бусдын гадаад үзэмж, сэтгэл татам байдалд татагдах нь хүн бүрийн л хувьд ижил байдаг зүйл. Гэхдээ энэ байдал нь ихэвчлэн бэлгийн дур хүсэл болон харилцаа хүссэнээс үүсдэг. Динамик сэтгэл татам байдал гэдэг нь бусдын хэл яриагаар бус биеийн гадаад төрх, үйлдэл болон биеийн хэлэмжээс шалтгаалдаг. Эдгээр үйлдлүүд нь голчлон инээд байгааг нь харах, харц тулгарах гэх зэрэг үед үүсдэг. Энэ мэдрэмж нь биднийг догдлуулж, бэлгийн дур хүслийг нэмэгдүүлж байдаг бөгөөд энэ байдал нь тэр хүнд сэтгэл татагдах нөхцөлийг үүсгэдэг. Тийм ч учраас өөрт таалагддаг хүндээ инээмсэглэж, сэтгэл татам байдлаар харагдаж, харц тулгарч байх нь боломж үүсгэж магадгүй юм.
- Анхаарал халамж үзүүлэх
Хүмүүс ихэвчлэн өөрийн сэтгэл санаагаа илэрхийлдэг төрлийн хүнд татагддаг. Харин үүнийг өөртөө ашигтайгаар эргүүлж болох нэг боломж нь тэр хүний ярихыг тэвчээртэй сонсож, тогтмол харах юм. Энэ нь эсрэг хүнд тань таныг анхаарал хандуулж байгаа, таны хувьд чухал хүн гэдэг мэдрэмжийг өгдөг. Хүн бүхэнд харилцан адилгүй байдаг хэдий ч энэ арга тодорхой хувиар үр дүнгээ өгдөг. Та тэр хүний хүсэж байгаа, анхаарал хандуулж байгаа гэдгээ ийм байдлаар ойлгуулж болох юм.
- Ижил тал
Судалгаа бүхэнд ажиглагддаг нэгэн чухал зүйл бол хосууд хооронд ижил талтай байх нь тухайн харилцаа үүсгэх боломж үүсдэг байна. Өөрөөсөө эсрэг төрлийн хүн сонгодог гэдэг нь маш худал үг бөгөөд харин ч эсрэгээрээ нэг шувууны хоёр далавч шиг төсөөтэй хүмүүс бие биенээ сонгох нь элбэг. Тийм ч учраас тухай хүнтэйгээ ижил тал, ижил сонирхол байгаа эсэхийг сайтар судалж олох хэрэгтэй. Түүнийг өөрийн болгоход бас нэгэн чухал сэжүүр ч болох юм. Гэхдээ маш чухал санаж явах ёстой нэг зүйл бий нь ижил болохын тулд өөрийн дургүй зүйлсэд хүчээр дурлах хэрэггүй юм. Ийм сонголт хэзээ ч сайн үр дүнд хүрч байгаагүй.
- Өөрийгөө илэрхийлэх
Өөрийгөө шийдэмгий, зоригтой, сонголтдоо итгэлтэй байгаа гэдгээ харуулж нөгөө талаар өөртөө анхаарал тавьдаг, биеэ зөв авч явдаг сэтгэгдэл төрүүлэхийн тулд өөрийгөө зөвөөр илэрхийлэх хэрэгтэй. Ингэхийн тулд үсчин орж, нүүрээ будаж, оо энгэсэг хэрэглэх хэрэгтэй гэсэн үг биш. Илэрхийлэх арга аа л зөв олох хэрэгтэй. Энэ байдал тань бусдыг татах гол хэрэгсэл болдог гэдгийг бүү март. Агуйд амьдардаг, балар эртний хүн мэт бүдүүлэг байх нь ямар ч хүний сэтгэлийг татахгүй. Тийм ч учраас мэдрэмжтэй байх хэрэгтэй.
Энэ бүх асуудалд хоёр хүндрэл гарч ирдэг.
А. Тохируулах. Аль ч асуудлыг нь хэтрүүлээд хэрэггүй. Хэмжээнээсээ хэтэрсэн анхаарал, эерэг хандлага зарим тохиолдолд сөргөөр нөлөөлөх нь ч бий. Үргэлж хэмжээгээ мэдэрч, тохируулж байх хэрэгтэй.
Б. Өөр сонирхол. Мэдээж энэ бүхэн судалгааны үр дүнгээс шалтгаалсан нийтлэг үр дүнд тулгуурласан билээ. Тийм ч учраас хүн бүхэнд ижилхэн нөлөөлнө гэж бодсоны хэрэггүй. Зарим тохиолдолд бэлгийн сонирхлоосоо шалтгаалж үүнээс эсрэгээр сонгох хүмүүс ч байдаг. Эсвэл сэтгэлийн шарх авснаасаа болж ганцаардсан хэн нэгэнд дэм болсон хүнд ч дасаж орхидог.
Хамгийн чухал зүйл нь урт хугацааны сайхан харилцаа бат бөх суурь дээр үндэслэж босдог гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс харагдсан бүхэндээ хандах биш сайтар бодож эргэцүүлсний үндсэн дээр хамтрагчаа сонгохыг сэтгэл зүйчид зөвлөж байна.