Сансрын аялал жуулчлалын сонирхол татам бүтээлүүд
Хагас зуун жилийн өмнөөс хүмүүс задгай сансарлуу ямар нэгэн биет зүйлс илгээж эхэлсэн билээ. Гэсэн ч бид одоохондоо сансрын уудам орон зайд аялж, нээж илрүүлж хараахан чадаагүй л байна. Харин сүүлийн үеийн технологийн дэвшилт, ололт амжилтуудаас харахад бидний үр хүүхдүүд энэ боломжийг олж, сансарт аялж чадна гэдэг нь гарцаагүй болж байх шиг. Хэдийгээр өнөөдрийн байдлаар ийм төрлийн аялал өртөг өндөр, шаардлагагүй мэт санагдаж байж болох ч ирээдүйн хойч үе ээ бодож энэ бүхнийг хийх ёстой нь зайлшгүй хэрэг юм. Тийм ч учраас NASA, SpaceX зэрэг томоохон технологийн акулууд сансрын аяллыг тун ч эрчимтэй хөгжүүлж байгаа билээ.
Энэ бүгдээс таны сонирхлыг татаж болох хамгийн этгээд эсвэл зарим талаараа хачин ч гэж нэрлэж болох инновацийн бүтээлүүдийг танилцуулъя.
Сансар огторгуйн үнэр
Та бүхэн ил галд булсан төмсний үнэр эсвэл баяр ёслолын үеэр хийдэг амттай хоолны үнэр гэх мэт танил дотно үнэрийг санадаг уу? НАСА-ийн эрдэмтэд ч бас ийм аргыг ашиглаж сансрын нисгэгчдийг бэлддэг ажээ. Тэд сансарт ямар нэгэн нөхцөл үүсэх үед нисгэгчдийг бэлэн байлгахын тулд бэлтгэлийн үеэр сансрын үнэрийг ашиглаж, дасгадаг байна.
Харин нэгэн хачирхалтай мэдээ нь саяхнаас загварынхан болон үнэртний бизнесийнхэн уг үнэрийг загварын нэгэн бренд болгохоор ажиллаж эхэлжээ. Тэд аль хэдийн “Eau de Space” гэх нэртэй үнэртэн гаргаад байгаа гэнэ.
Сансрын цахилгаан шат
1895 онд Оросын эрдэмтэн Константин Циолковский Парис хотноо зочилж Эйфелийн цамхгийг үзсэнийхээ дараа нэгэн санааг бодож олсон нь сансарт хүрэх цахилгаан шат байв. Түүний тооцооллоор дэлхийгээс дээш задгай сансарт хүрэх боломж бүхий өндөр цахилгаан шат хийх зорилготой байв.
Харин одоо энэ бүхнээс зуун жилийн дараа уг төслийг бодит ажил хэрэг болгохоор “Obayashi” компани ажиллаж байгаа гэнэ. Тэд карбон нано хоолой ашиглаж далайн гүнд маш өндөр цамхаг босгохоор хичээж байгаа гэнэ. Далайн гүнээс сансрын уудам хүртэл... гайхалтай биш гэж үү? “Obayashi” уг бүтээл нь 2050 оноос эхлэн үйлчлүүлэгчид авч эхэлнэ гэж найдаж байгаа юм.
Сансрын тээш
Сансрын аялал хийхэд хамгийн хэрэгтэй зүйлсийг нэг нь ачаа тээшээ бэлдэх. Тэгвэл сансарт аялах хэн бүхний энэ санаа зовоосон асуудлыг шийдэх үүднээс “Horizn Studios” ухаалаг, карбон хуванцраар бүтээсэн цүнх үйлдвэрлэж эхэлжээ. Уг цүнх нь татах хүчгүй, агаарын даралттай олон орчинд тэсвэрлэхээр загвартай бүтээгдсэн гэнэ.
Сансрын газар тариалан
Хүнс тэжээлийн асуудал хүн төрөлхтөнд цаг ямагт байсаар ирсэн. Хэрэв удаан хугацаанд сансарт аялах хэрэгтэй бол энэ бүхэн шийдэх ёстой чухал асуудлуудын нэг. Тийм ч учраас Америкийн Сансар судлалын хүрээлэнгийн хурандаа Ник Хагг сансарт хэрхэн ургамал ургуулж болох аргыг судалж байгаа гэнэ. Одоогийн байдлаар сансрын нисгэгчид урьдчилж бэлдсэн, нөөшилсөн хүнс хэрэглэж шаардлагатай амин дэм, эрдсээ авч байгаа. Харин удаан хугацаанд энэ нь тун хэцүү учир ердийн хоол хүнс хэрэглэх шаардлагатай байгаа ажээ. Гэсэн ч татах хүчгүй орчинд ургамал ургуулах нь боломжгүй шахам хэдий ч Ник Хагг болон багийнхан үүнийг заавал амжилттай болгохоор хичээж байгаа гэнэ.
Хэт өндрийн агаарын бөмбөлөг
“Space Perspective” компани 2021 оноос эхлэн судлаачид болон төлбөрөө төлсөн хэрэглэгчдийг өөрсдийн бүтээж буй “Spaceship Neptune” агаарын бөмбөлгөөр хөөргөхөөр ажиллаж байгаа гэнэ. Тэдний гол зорилго нь ойрын гурван жилийн дотор уг бүтээлээ дуусгах бөгөөд одоогийн байдлаар уг төсөл нь 8 зорчигч бүхий байдлаар газраас 50 км өндөрт хөөрч, агаар мандалд 6 цагийн турш нисэх боломжтой гэнэ. Үүнээс зорчигчид 2 цаг орчмын хугацааг задгай сансарт өнгөрөөх бөгөөд энэ нь судалгаа болон аялал жуулчлалын зорилгод хангалттай хугацаа гэж бүтээгчид үзэж байгаа гэнэ.
Сансрын оршуулга
Бидний ярих дургүй, ярихыг хүсдэггүй ч амьдрал дээр өдөр тутам тохиолддог зүйл бол үхэл юм. Тэгвэл нэгэн компани таны хайртай дотнын хүмүүсийн эцсийн хүслийг биелүүлэх мөн нөгөө талаар судалгаа, мэдээлэл цуглуулах ажлыг хамтатгаж хийхээр зорьж байна.
Уг зүйл нь сансрын оршуулга бөгөөд тусгай загварын шарил хадгалах сав бүтээж байгаа бөгөөд ингэснээр хэн нэгэн алдартан эсвэл хайртай нэгнээ эцсийн замд нь өөр байдлаар үдэхийг хүсдэг хүмүүст туслах гэнэ. Уг бүтээл нь ердийн хэрэглээний австай ижил загвартай бөгөөд өөртөө мэдээлэл цуглуулж, дамжуулах чадвартай байх гэнэ. Уг бүтээлийн цуглуулсан мэдээлэл, дээж болон бусад зүйлсийг сансрын аяллын ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс хандивлана гэнэ.
Компанийн үүсгэн байгуулагч Крис Жонсон: Бид одоогийн байдлаар үхэл хагацлыг муухайгаар боддог. Мэдээж их хэцүү хэрэг л дээ. Гэхдээ таны хайртай хүн өнгөрснийхөө дараа сарлуу нисвэл ямар вэ? Танд ч тун сайхан санагдах биз. Тийм ч учраас бид үхэл хагацлыг нэг ч гэсэн эерэг талаас нь харахыг зорьсон юм гэжээ.
Сансрын сурталчилгааны самбар
Орос улсын “StartRocket” компани задгай сансраас дэлхийд харагдах маш том зарлалын самбар бүтээхээр ажиллаж эхэлжээ. Гэсэн хэдий ч маш олон эрдэмтэд, судлаачид болон зар сурталчилгааны мэргэжилтнүүд үүнийг эсэргүүцэж байгаа ажээ. Бидэнд заавал сансарт гарч сурталчилгаа хийх хэрэг байгаа гэж үү?
Сансрын суултуур
Ариун цэврийн өрөө бол олон хүний хувьд ариун дагшин зүйл байдаг. Аялж яваад гэртээ ирэх хамгийн сайхан мөч ариун цэврийн өрөөндөө орох гэдэгтэй санал нийлэх хүн ч олон биз. Тийм ч учраас НАСА нэгэн тендер зарласан бөгөөд сансрын аяллыг хамгийн практик байдлаар бий болгох зүйлсийн нэг нь суултуур байх ёстой гэж үзсэн юм. Энэ нь сансарт аялахад тохирсон суултуур байх хэрэгтэй бөгөөд хэрэв таны бүтээл сонгогдвол НАСА-аас танд 35,000 ам.доллар өгнө гэнэ. Уг тендерт 18 нас хүрсэн хэн бүхэн оролцох боломжтой бөгөөд та зөвхөн Lunar Loo Challenge гэсэн тэмцээнд оролцох хэрэгтэй гэнэ.
Сансрын зочид буудал
Бид өмнөх мэдээллүүдээр энэ тухай дэлгэрэнгүй оруулж байсан билээ. Мэдээж сансрын зочид буудал, сансрын аяллын хувьд зайлшгүй байх зүйлсийн нэг. Та бүхэн манай сансар огторгуй хэсгээс сансрын зочид буудлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
Эх сурвалж: Forbes