Сансарт ашиглаж болох 3D принтер зохион бүтээжээ
Дэлхий нийтээрээ 3D принтерийг машины тоног төхөөрөмж хэвлэх хүртэл өндөр хэмжээнд ашиглах болсон өнөө үед Их Британийн хэсэг эрдэмтэн сансар судлалын салбарт ашиглаж болохуйц 3D принтер бүтээжээ. Европын сансар судлалын хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ шинэ төрлийн принтер нь сансрын аялалын салбарт, хувьсгал хийж магадгүй юм байна.
Шинэ төрлийн принтерийг сансарт ашиглах боломжийг судалж үзэхийн тулд Европын сансрын судлалын хүрээлэнгийн харьяа судалгаа, холбооны төв Лондон хотоос баруун зүгт 80 км-ийн зайд орших, Дидкот мужид тусгай лаборатори байгуулах шийдвэр гаргажээ. Европын сансар судлалын хүрээлэнгийн технологийн хэлтсээс сансарт хөөргөх, аливаа биетийг бүтээх нь нарийн чимхлүүр ажил болохыг цохон тэмдэглээд сансарт бий болдог хэт халуун, өндөр даралт, цахилгаан соронзон шуурга зэргээс болж тоног төхөөрөмж гэмтэх явдал байнга гардаг болохыг сануулж байгаа юм.
Эх дэлхийгээс хэдэн сая км-ийн алсад задгай сансарт аялж байгаа биетийг буцаан авчирч, засах бололцоо бараг байдаггүй учраас их хэмжээний хөрөнгө мөнгө заран байж хэрэгжүүлсэн төслүүд, багахан хэмжээний гэмтлийн улмаас бүтэлгүйтэх, очиж засварлахад, дахин их хэмжээний төсөв мөнгө шаардлагатай болох тохиолдол цөөнгүй байдаг байна. Тэгвэл тэдний зохион бүтээсэн шинэ төрлийн тоног төхөөрөмж, эд ангийг хийх боломжийг олгохоос гадна, шаардлагатай тохиолдолд өөрөө бие даан засвар хийх чадвартай гэнэ.
Цаашид энэ технологийг хөгжүүлэн, эвдэрсэн эд ангийн түүхий эдийг дахин ашиглан, шинэ эд зүйл хийх боломжийг ч судалж байгаа гэдгээ эрдэмтэд мэдэгджээ. Туршилт амжилттай болсон тохиолдолд шинэ гурван хэмжээст хэвлэгчийг Европынн сансрын судлалын төслүүдэд ашиглаж эхлэхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: CNN