Хиймэл оюун ухаан хэлц үг ойлгодог боллоо
Хиймэл оюун ухааны хөтөлбөрүүдийн томоохон хөгжүүлэгчдийн нэг “IBM” компани “Watson” нэрт компьютерээ дахин хөгжүүлж анхны хэлц үг ойлгох чадвар бүхий хиймэл оюун ухаант бүтээл болголоо.
“IBM”-ээс мэдээлснээр, тэдний хамгийн сүүлд хийсэн шинэчлэн хөгжүүлэлтээр тэд анх удаа хиймэл оюуныг Англи хэлний хамгийн хэцүү хэлцийн утгыг ойлгох чадвартай болгосон гэж мэдэгдсэн юм. Эдгээр хэлц нь тогтсон утгатай боловч өгүүлбэрийн бүтцэд өвөрмөц ордог учир алгоритм үүнийг танихад хүндрэлтэй байдаг ажээ. Тийм ч учраас хиймэл оюунт чат ботууд хүнтэй харилцахад харилцааны утга санаа, ньюансыг ойлгоход хүндрэлтэй байдаг ажээ.
Хэл яриа бол бидний оюун бодлоо нэгэн командаар илэрхийлж харилцагч этгээддээ ойлгуулах зориулалт бүхий багаж. Тийм ч учраас бид хиймэл оюунтай илүү ойлголцхын тулд өөрсдийн хэрэглэдэг багажыг тэдэнд ч сайтар нарийвчилж ойлгуулах хэрэгтэй гэж “IBM” компанийн мэдээлэл болон хиймэл оюун судлалын багийн ахлах менежер Роб Томас мэдэгдлээ.
Тэд цаашид “Watson” компьютерийг хүнтэй ижил байгалын байдлаар хэл яриаг ойлгох чадвартай болгохоор хөгжүүлнэ гэв. Энэ хөгжүүлэлтийг хийсэн даруй тэд хэрэглэгчидтэй харьцдаг чатбот гэх мэтийн хиймэл оюуны бүтээгдэхүүнүүдийг ч гэсэн ижилхэн хөгжүүлэх гэнэ.
Нэмээд хэлэхэд “IBM” компанийн “Watson” компьютер анх 2011 онд АНУ-н телевизийн шоу нэвтрүүлэгт орж үг таах тэмцээнд оролцогч хүмүүсийг ялснаар анхны өвөрмөц яриа ойлгох чадвартай компьютер гэдэгээрээ танигдаж байсан юм. Тэгвэл одоогийн хөгжүүлэлтээр цаашид ямар амжилт гаргахыг таамаглашгүй юм. “Watson” компьютерийг түүнээс хойш саяхныг хүртэл уушгины хорт хавдрын эмчилгээ болон цаг уурын онц ноцтой үзэгдэл тооцоолох зэрэг маш олон зүйлсэд ашигласаар ирсэн билээ.
Эх сурвалж: Independent