"Huawei" гар утасны борлуулалтаар дэлхийн номер нэг компани боллоо
Энэ оны эхний хагас жилийн үзүүлэлтээр Хятадын гар утас үйлдвэрлэгч "Huawei" компани 55.8 сая ширхэг гар утас борлуулсан бол Өмнөд Солонгосын "Samsung" компани 53.7 сая ширхэг утсыг борлуулжээ.
АНУ-ын зүгээс "Huawei" компанийн болон түүний зарим удирдлагын эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний улмаас тус компанийн утасны борлуулалт өмнөх оныхоос 5 орчим хувиар буурч байгаа гэнэ. "Samsung" компанийн хувьд утасны борлуулалт нь өмнөх оны мөн үеэс 6 хувиар буюу 44.6 тэрбум ам.доллараар буурсан байгаа боловч санхүүгийн үзүүлэлт нь сайн байна.
Энэ оны 2-р улирлын үзүүлэлтээр "Samsung" компанийн үйл ажиллагааны ашиг 6.8 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлтээс 23 хувиар нэмэгдсэн аж.
Сүүлийн 6 сарын хугацаанд дэлхийн хэмжээнд ухаалаг гар утасны худалдан авалт буурчээ. Коронавирусын халдварын улмаас энэ оны сүүлчээр дэлхийн хэмжээнд ухаалаг гар утасны нийлүүлэлт 2.3 хувиар буурах төлөвтэй байна гэж “IDC” байгууллагын шинжээчид үзэж байна. Түүнчлэн ирэх оны эхний хагас жилд худалдан авалт 10.6 хувиар буурна гэж үзжээ.
Нийгмийн сүлжээгээр ч мөн ухаалаг бүтээгдэхүүний хомстол үүсэж болзошгүй байна гэж ярих болжээ. Хятадад үйлдвэрлэгдэж буй тоног төхөөрөмжүүд олон улсын зах зээлд харьцангуй бага тоогоор нийлүүлэгдэж байгаа учраас ухаалаг утасны үйлдвэрлэлд доголдол үүсэх аюул тулгарчээ. Хэрвээ тийм зүйл болбол хагас жилийн дараа ухаалаг утас дэлгүүрүүдэд байхгүй болох эсвэл үнэ нь 2-3 дахин өсөх болно гэж шинжээчид үзсэн байна.
Эх сурвалж: Reuters
Манай сайт "ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ" -н салбарт хийгдэж буй шинэ содон бүтээл үйл явдлуудыг цаг алдалгүй хүргэж байхаар болсон тул та бүхэн энэ салбарын мэдээллийг ЭНД дарж үзээрэй