Хорт хавдрыг эрт үед нь оношилж чадах шинэ төрлийн цусны шинжилгээ
Эрдэмтдийн баг саяхан нэгэн шинэ төрлийн цусны шинжилгээний оношлуур бүтээж дуусжээ. Уг оношлуур нь 50 төрлийн хорт хавдрыг шинж тэмдэг нь илрэхээс өмнөх үед нь оношилж, илрүүлж чадах ажээ.
Туршилтыг 1200 хүнээс авсан цусны дээж дээр хийсэн бөгөөд туршилтын үр дүнд уг тест нь 93 хувийн магадлалтай маш зөв онош гаргаж байсан ажээ. Уг тест нь маш олон төрлийн хорт хавдрыг ялгах чадвартай бөгөөд түгээмэл байдаг уушги, хэвлийн хөндий, хоол боловсруулах эрхтэн, нойр булчирхай, тунглагын булчирхайн хорт хавдруудыг аль эсээс үүсэлтэйгээр нь шууд ялгах чадвартай гэнэ. Туршилтын явцад 50 төрлийн хорт хавдрыг зөв илрүүлсэн бөгөөд нэгдүгээр шатны хорт хавдрыг 18 хувийн магадлалтай, 2, 3, 4-дүгээр шатны хорт хавдрыг 43, 81 болон 93 хувийн магадлалтай зөв илрүүлж байсан юм.
Эрдэмтэд уг оношлуурыг хөгжүүлж цаашид хоргүй хавдар болон бусад төрлийн илрүүлэхэд хэцүү хорт хавдруудыг илрүүлэхийг зорьж байгаа ажээ. Уг туршилт амжилттай болсны дараа маш олон хүмүүс уг шинжилгээний оношлуурыг бодит амьдрал дээр хэрэглэж эхлэхийг хүлээж байгаа юм, гэсэн хэдий ч одоогийн байдлаар клиник туршилтад хэрэглэхээр маш цөөхөн хувийг л үйлдвэрлээд байгаа ажээ.
Оношлуурыг бүтээгчид ашиглаж эхлэхээсээ өмнө клиник туршилтуудын үр дүнг сайтар судалж, хүчин чадлыг нь баталгаажуулсны дараагаас л өдөр тутмын оношилгоонд оруулах болно гэсэн хариу өгчээ. Оношлуур нь хорт хавдраас цусны урсгалд ямар нэгэн эд эс орсон эсэхийг шалгадаг байна. Хэрэв хорт хавдраас ямар нэгэн эс цусны урсгалд орсон тохиолдолд оношлуураар илэрч ямар химийн өөрчлөлт үүссэнд дүгнэлт, дүн шинжилгээ хийдэг байна.
Уг оношлуурыг хөгжүүлэхийн тулд хиймэл оюун ашигласан бөгөөд хэдэн мянган хорт хавдрын өвчтөнүүдийн цусны мэдээллийг ашигласан ажээ. Тийм ч учраас оношлуурыг бүтээсэн хиймэл оюун хорт хавдартай хүний цусанд ямар төрлийн өөрчлөлтүүд ордог зэргийг сайтар судалсан байна.
Их Британийн хавдар судлалын хүрээлэнгийн тэргүүн Дэвид Кросби: Хорт хавдрыг хүндрээгүй, эрт шатанд нь олж байгаа нь бидэнд маш олон хүний амь насыг аврах боломж өгч байна. Үүнийг технологийн дэвшилтэй хослуулснаар өмнө нь магадлал төдий байсан зүйлсийг бид одоо баталгаатай болгож чадахаар боллоо гэжээ.
Эх сурвалж: Independent