Коронавирусын нөлөөгөөр томоохон технологийн компаниудын орлого огцом нэмэгджээ
Коронавирусын цар тахлын улмаас дэлхий даяараа эдийн засгийн хямралд өртөөд байгаа энэ үед техник технологиороо дэлхийд тэргүүлдэг компаниудын ашиг орлого улам бүр нэмэгдсээр байна. Өнгөрсөн 3 сарын хугацаанд цахим худалдааны "Amazon" компанийн борлуулалт даруй 40 хувиар өссөн бол иргэд "Apple" компанийн "iPhone" ухаалаг гар утас болон бусад төхөөрөмжүүдийг ихээр худалдан авах болжээ.
"WhatsApp", "Instagram" зэрэг нийгмийн сүлжээнүүдийг эзэмшдэг "Фэйсбүүк" компанийн нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн тоо 15 хувиар өссөн байна. Дээрх компаниудын зах зээлд эзлэх байр суурь нь томрохын хэрээр үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай ажлын орон зай нь ч өргөжин тэлэх шаардлагатай болжээ. Өнгөрсөн лхагва гарагт Вашингтонд болсон конгрессийн хуралдаанаар Америкийн улс төрчид дээрх компаниуд нь зах зээлд тэргүүлэгч байр сууриа ашиглан өрсөлдөгчдөө дарамталдаг эсэх талаар ярилцаж, дээрх компаниудын хөрөнгийн хэмжээ бусад компаниудынхаас эрс ялгаатай байгааг онцолжээ. Конгрессийн хуралдааныг удирдаж байсан Ардчилсан намын гишүүн Дэвид Чичиллине цар тахал үргэлжилж, иргэдийн цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр дээрх компаниуд улам хүчирхэг болно гэжээ.
Amazon компанийн 2019 оны 2-р улирлын орлого 2.6 тэрбум ам. доллар байсан бол энэ оны 2-р улирлын орлого 5.2 тэрбум ам. долларт хүрсэн нь тус компанийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тус компанийн цахим борлуулалт 6-р сарын 30-ны өдөр хүртэл 3 сарын турш тасралтгүй 40 хувиар өсч, 88.9 тэрбум ам. долларт хүрсэн байна. Цахимаар хийх худалдан авалт огцом нэмэгдсэнээр "Amazon" компанийн ачаалал ч нэмэгджээ.
Үүнтэй холбоотойгоор тус компани өнгөрсөн улиралд 175 мянган хүнийг шинээр ажилд авсан ба агуулахуудаа томруулахаар ажиллаж байгаа аж. "Apple" компанийн 2-р улирлын орлого 11 хувиар өсч, 59.7 тэрбум ам. долларт хүрчээ. Энэ нь коронавирусын цар тахлын үеэр гэрээсээ ажиллаж, цахимаар хичээллэж буй иргэд "Apple" компанийн компьютер, "iPad" зэргийг ихээр худалдан авч эхэлсэнтэй холбоотой аж. Өнгөрсөн жилийн 2-р улиралд тус компанийн ашиг 10 тэрбум ам. доллар байсан бол энэ жил ашиг нь 11.25 тэрбум ам. долларт хүрчээ.
Түүнчлэн тус компанийн ашиг орлого нэмэгдэхэд "iPhone SE" загварын утасны борлуулалт ч нөлөөлсөн аж. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар өнгөрсөн саруудад иргэдийн дунд харилцаа холбооны тал дээр илүү чанартай техник тоног төхөөрөмжтэй байхыг илүүд үзэх хандлага ажиглагдсан ба энэ тал дээр "Apple" компани бусдыгаа хол хаяж чадсан гэнэ. "Facebook" компанийн хувьд ашиг орлого нь 11 хувиар өссөн нь жижиг бизнес эрхлэгчид "Facebook" нийгмийн сүлжээгээр бизнесээ сурталчлах явдал нэмэгдсэнтэй холбоотой аж.
Тус компанийн 2-р улирлын ашиг 5.2 тэрбум ам. долларт хүрчээ. "Facebook" компаниас мэдээлснээр өнгөрсөн 6-р сард л гэхэд тус компанийн эзэмшдэг нийгмийн сүлжээнүүдэд 2.4 тэрбум идэвхтэй хэрэглэгч байсан нь өнгөрсөн жилийн үзүүлэлтээс 15 хувиар өссөн үзүүлэлт аж. Дээрх идэвхтэй хэрэглэгчдийн 1. 79 тэрбум нь "Facebook" нийгмийн сүлжээг хэрэглэж байсан нь өнгөрсөн жилийнхээс даруй 12 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Эх сурвалж: BBC
Манай сайт "ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ" -н салбарт хийгдэж буй шинэ содон бүтээл үйл явдлуудыг цаг алдалгүй хүргэж байхаар болсон тул та бүхэн энэ салбарын мэдээллийг ЭНД дарж үзээрэй