Эмчилгээ бүхий бохийг ирээдүйн эмчилгээний технологи гэж олон эрдэмтэд үзэж байгаа юм. Одоогийн байдлаар уг эмчилгээний дагаж мөрдөг стандарт болон бусад зүйлс тодорхойгүй байгаа бөгөөд, туршилтынхаа шатанд л яваа юм. Олон ч эрдэмтэд ирээдүйн эмчилгээнд эм уух шаардлагагүй зөвхөн эмчилгээний бодис агуулсан бохь зажилхад хангалттай гэж үзэж байгаа юм. Тийм ч учраас нэгэн судалгааны баг эмчилгээний бохь бүтээх явцыг хурдасгахын тулд туршилт хийжээ.
Эмчилгээний аргачлалыг бүтэх эсэхийг судлахын тулд Бристолийн Их Сургуулийн Био-Анагаах ухааны сургуулийн инженерүүд роботод хиймэл хүний ам бүтээж өгсөн байна. Уг бүтээл нь хүний зажлах явцтай маш ижил системээр ажиллах бөгөөд, шүлс ялгарах явц хүртэл амьдрал дээрх хүний амнаас ялгаагүй байхаар сайтар тооцоологдсон байна. Ингэснээр уг робот нь эмчилгээтэй бохийг зажилж, ялгарсан шүлсэнд бохиноос тархах эмчилгээний бодис хэр хэмжээтэй агуулагдаж байгааг судалжээ.
Уг роботыг хүнтэй ижил зажилах чадвартай эсэхийг тодорхой болгохын тулд ксилиттэй бохийг хүн болон роботод зажилуулж үзэхэд хүний шүлс болон роботын хиймэл шүлсний найрлага тун ижил байсан ажээ. Тэд туршилт эхэлснээс 5, 10, 15, 20 минутын дараа найрлагыг үзсэн бөгөөд ксилит агуулагдах хэмжээ нь ижил хэвээр байсан юм.
Судалгааг хийсэн багийнхны мэдээлснээр: Эмийн үйлчилгээ хамгийн үр дүнтэй байх нь амаар ууж хэрэглэх явц юм. Тийм ч учраас эмчилгээний бохь зажилж, шүлсэнд орсон эмчилгээний бодис биед тархах нь маш үр дүн өндөртэй арга болно гэж үзэж байгаа гэжээ. Тэд уг туршилтаараа эм болон эмийн бодис үйлдвэрлэдэг компаниудад эмчилгээний бохь бүтээх туршилт хийх нөхцөл байдлыг бүрдүүлж, туршилтыг түргэсгэж өгөхийн тулд уг роботыг бүтээсэн гэжээ.
Эх сурвалж: Science Daily