Хиймэл оюун ухаан шинэ төрлийн антибиотик бүтээлээ
“MIT” компани өөрөө суралцах чадамж бүхий хиймэл оюуны алгоритмыг ашиглаж шинэ төрлийн маш хүчирхэг антибиотик бүтээжээ. Лабораторийн туршилтын явцад уг эм нь олон төрлийн бактерийн гаралтай хүнд өвчнүүд болон эмэнд дасалтай болсон зарим өвчнийг ч эмчлэх чадалтай гэдэг нь батлагдсан юм.
Уг антибиотикийг бүтээсэн хиймэл оюун ухаант супер компьютер нь хэдэн өдрийн туршид зуу зуун сая химийн нэгдлүүдийг тооцоолж орчин үеийн өвчнийг үүсгэж буй бактериудыг дарангуйлах боломжтой, одоо ашиглагддаг эмүүдээс өөр механизмаар үйлчилдэг антибиотик бүтээжээ. Мөн судалгааны явцад судлаачид өөр хэдэн хүчирхэг антибиотикуудыг нээж илрүүлсэн бөгөөд дараа дараагаар лавшруулан судалж үзэхийг төлөвлөж байгаа гэнэ.
Сүүлийн хэдэн арван жилийн туршид маш цөөн тооны шинэ антибиотикуудыг нээж илрүүлсэн хэдий ч эдгээр нь өмнө нь байсан эмийн нэгдлийг бага зэрэг өөрчилсөн хэлбэрүүд л байсан юм. Тийм ч учраас олон төрлийн өвчин эмгэг болон эмэнд дасалтай өвчлөлүүд үүсэж байгаа учраас бидэнд шинэ төрлийн антибиотик үүсгэх хэрэгцээ зайлшгүй үүсээд байгаа юм.
Судлаачдын баг уг судалгаандаа 800 орчим байгалийн эмчилгээний бодис болон дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн 1700 орчим эмийн бүтцийг ашиглаж, эдгээрийн молекулуудад хиймэл оюуны тусламжтай тооцоолол хийсэн байна. Үүний дараагаар 6000 орчим төрлийн бактерийн нэгдэл дээр судалгаа хийсэн юм. Энэ бүх тооцооллын үндсэн дээр уг компьютер маш хүчирхэг, бактери эсэргүүцэх чадвартай химийн нэгдлийг бүтээсэн бөгөөд энэ төрлийн антибиотик нь хүний биед сөрөг нөлөө багатай болохыг судлаачид онцолж байна. Уг антибиотикийг судлаачид “Halicin” гэж нэрлэж байгаа бөгөөд лабораторид ургуулсан олон төрлийн өвчний бактериуд дээр судалгаа хийсээр байна.
Лабораторид ургуулсан бактерийн эсрэг туршилт маш үр дүнтэй болсон учраас дараагаар нь амьд хулгана дээр туршилт хийсэн юм. Эмчилгээний үр дүнг баттай болгохын тулд Афганистанд очсон маш олон Америк цэргүүдийг халдварлуулсан, одоогийн хэрэглэгддэг ямар ч антибиотикт тэсвэртэй “baumannii” бактерийг хулганад халдварлуулсан байна. Туршилт амжилттай болсон бөгөөд “halicin” тарьсан хулгана 24 цагийн дотор эрүүл болжээ.
Мөн түүнчлэн “E.coli” зэрэг түгээмэл, антибиотикийн дасалтай болдог бактерийн гаралтай өвчнүүд Halicin хэрэглэсний дараа дасалтай болохгүй байсан ажээ. Дасалтай болох эсэхийг нь судлахын тулд 30 өдрийн турш эмийн хэмжээ, тун зэргийг тэнцвэргүй хэрэглэж, тасалдуулсан хэдий ч эмчилгээ үр дүнтэй хэвээр байсан ажээ.
Эх сурвалж: Science Daily