NASA сансарт галын туршилт хийнэ
АНУ-ын сансар агаар судлалын гол агентлаг болох НАСА өнгөрөгч 6-р сарын сүүлээр “Орбитал АТК” компанийн үйлдвэрлэсэн “Cygnus” ачааны хөлгийг сансарт хөөргөн ажиглаж байгаа юм. Тэгвэл сансарт оршиж буй тус ачааны хөлөгт галын туршилт хийх болсноо НАСА дөнгөж сая мэдэгдээд байна.
Автомат удирдлагатай “Cygnus” ачааны хөлгийн дотор 97см:49см хэмжээтэй хөвөн даавуу болон шилэн даавуун материал бүхий туршилтын загварыг 20 минутын турш шатааж дэлхийн агаар мандлаас хэр хол шатахыг ажиглах гэнэ. Ингэхдээ хөлгийн биеийг Олон улсын сансрын станцаас салгаж, НАСА-аас мониторинг хийх аж.
Сансрын хөлгийн энэхүү галын туршилт нь хөлгийг Олон улсын сансрын станцаас шаардлагатай зайнд холдсоны дараа эхлэх бөгөөд нисэгчдийн аюулгүй байдалд нөлөөлөхгүй тухай НАСА онцоллоо.
Эрдэмтэд уг туршилтаар бичил татах хүч нь галд хэрхэн нөлөөлж, таталцлын хүч нь галыг унтрааж, ямар нэг байдлаар нөлөөлж хязгаарлаж чадах эсэх, шатааж буй материал нь сансарт хэрхэн шатах зэргийг судалж мэдэх зорилготой байгаа аж.
Мэргэжилтнүүд “Cygnus” хөлөгт урьдчилан суулгасан камерийн тусламжтайгаар гал, хүчилтөрөгч хэрхэн хариу үзүүлж байгаа мэдээллийг хүлээн авна. Тэд энэ туршилт нь сансар огторгуйд галыг унтраах тухай зорилтот судалгаанд нь дэмжлэг болно хэмээн найдаж байгаа тухайгаа хэлжээ.
“Cygnus” хөлөг нь ундны ус, хоол хүнсний хангамжтай, 3D принтер болон дэлхийн агаар мандал хүрэхэд зориулагдсан тусгай химийн бүрэлдэхүүнийг тодорхойлох төхөөрөмж зэргээр тоноглогдсон аж. НАСА-аас дараагийн “Cygnus” хөлгийг энэ сарын 6-ны өдөр Олон улсын сансрын станцад суурилуулаад байна.
Эх сурвалж: Forbes
Манай сайт "САНСАР ОГТОРГУЙ"-н салбарт хийгдэж буй шинэ содон бүтээл үйл явдлуудыг цаг алдалгүй хүргэж байхаар болсон тул та бүхэн энэ салбарын мэдээллийг ЭНД дарж үзээрэй