Тархинд суулгасан хиймэл оюунт чип бодлыг бичвэр болгоно
Калифорни болон Сан Францискогийн их сургуулийн эрдэмтдийн хамтарсан баг хүний бодлыг шинжилж үзээд, бичвэр хэлбэрт оруулах чадвар бүхий хиймэл оюунт чип бүтээсэн байна.
Уг чипийг тархинд суулгац байдлаар байрлуулах бөгөөд одоогийн байдлаар 250 үг ашиглаж 30-с 50 өгүүлбэр үүсгэх чадвартай байгаа ажээ. Уг хиймэл оюуны алгоритмыг боловсруулахын тулд татах өвчтэй дөрвөн эмэгтэйн тархинд өвчний хяналт хийхээр өмнө нь суулгасан байсан электродыг ашиглаж тархины мэдрэлийн давтамжуудыг бичиж авчээ.
Туршилтад оролцогчдын тархины давтамжийг баталгаажуулахын тулд хиймэл оюунаар тархины давтамжийг бичүүлж байх явцдаа бэлдсэн өгүүлбэрийг чангаар давтаж уншуулж байжээ. Үүний үндсэн дээр хиймэл оюун тархины мэдээллийн кодлолыг тайлж уншиж чаджээ.
Хэдийгээр чип хүний бодлыг тодорхой төвшинд задалж, унших чадвартай болж байгаа хэдий ч уг ажил хэр хөгжиж чадах эсэхийг эрдэмтдийн баг магадалж хэлж чадахгүй байгаа ажээ. Учир нь одоогоор зөвхөн 250 үг ашиглаж чадаж байгаа гэдэг нь маш бага тоо юм. Англи хэл дээр ярилцагчид энгийн нөхцөлд 200,000 орчим үг ашигладаг гэдэг нь уг бүтээл төгс болоход маш их хугацаа хэрэгтэй гэдгийг харуулж байгаа юм. Учир нь одоогийн бодит сан болох 250 үг дээр шинээр үг нэмэгдэх тусам өгүүлбэр үүсгэх, дараагийн үгийг сонгох зэрэг магадлалууд улам олон боломжтой болж ирэх юм.
Эрдэмтдийн баг уг төслийг улам хөгжүүлж байгаа бөгөөд амжилттай болбол хүн төрөлхтөн үг хэлэхгүйгээр хоорондоо ярилцах боломжтой болж, зарим талаараа зайнаас удирдах тодорхой хэмжээний чадамжтай ч болж болох юм гэжээ.
Эх сурвалж: Forbes