"Google", "Apple", "Facebook", "Amazon" компаниудыг АНУ-ын Конгресс шалгаж эхэлжээ
"Google", "Apple", "Facebook", "Amazon" компаниудын гүйцэтгэх захирлууд анх удаа Конгрессийн сонсголд хамт оролцож, хууль тогтоогчдын асуултад хариулахаар болжээ.
Энэ нь эдгээр томоохон компаниудыг зах зээлд шударга бусаар өрсөлдөж, дангаар ноёлж байж болзошгүй гэж Конгрессийн гишүүд үзэж байгаагаас үүдэн шударга бус өрсөлдөөнийг хянан шалгах ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа ажил юм.
АНУ нь газрын тос, төмөр зам, банк санхүүгийн зэрэг салбаруудад хэн нэгэн дангаар ноёрхохоос сэргийлж ирсэн 100 гаруй жилийн түүхтэй. Гэвч энэ зохицуулалт нь өнөөдөр 21 дүгээр зууны технологийн аварга компаниудад хэрэгжих боломжгүй болоод байгаа юм.
Хэрвээ шалгалтыг өргөжүүлэх шаардлагатай гэж үзвэл эцэстээ монополийг хязгаарлах шинэ хууль бий болж, дээрх дөрвөн компани хэт томрох боломжгүй болох юм. Мөн сонсголд Google болон Alphabet компаниудын гүйцэтгэх захирал Сундар Пичай, "Apple"-ийн гүйцэтгэх захирал Тим Кук, Амазоны гүйцэтгэх захирал Жэф Безос, "Facebook"-ийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг нар анх удаа цуг суух юм. Гэхдээ коронавирусийн цар тахлын улмаас тэд видео холбооны систем ашиглан сонсголд суух магадлалтай байна.
Google компанийн хувьд сурталчилгаа, хайлтын системийн зах зээлд хэт давуу байдалтай болсон хэмээн сэжиглэгдэж байгаа. "Apple"-ийн хувьд "App Store" аппликэйшн дэлгүүртээ бусад хөгжүүлэгчдийн бүтээгдэхүүнд ялгавартай ханддаг гэсэн сэжиг бий.
Фэйсбүүк компани сүүлийн жилүүдэд "WhatsApp", "Instagram", "Giphy" зэрэг компаниудыг худалдан авч, хүчээ нэмсэн нь анхаарал татаж байна.
Амазоны хувьд өөрийн брэндүүдийг түлхүү борлуулж, гуравдагч үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнтэй шударга бус аргаар өрсөлддөг гэсэн яриа бий.
Эх сурвалж: BBC
Манай сайт "ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ" -н салбарт хийгдэж буй шинэ содон бүтээл үйл явдлуудыг цаг алдалгүй хүргэж байхаар болсон тул та бүхэн энэ салбарын мэдээллийг ЭНД дарж үзээрэй